Вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах бэлэн байдлаа хангаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-17 14:50:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн иргэдийг үе шаттайгаар коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахаар Засгийн газраас төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЭМГ-аас вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах байр, тоног төхөөрөмж зэрэг бэлтгэл бэлэн байдлаа хангаж эхэллээ.

Бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын үнэлгээг 2-3 удаа хийжээ. Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөсний дагуу аймгийн хэмжээнд дээрх бүлэгт багтах нийт 22.000 орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар тооцоо судалгаа гарсныг ЭМГ-аас мэдээллээ.

Вакцинжуулалттай холбоотойгоор өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-өөс цахим сургалтыг зохион байгуулж, ЭМГ-ын дарга, НЭМТ, бусад удирдлагууд, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч,  аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн эмч, сувилагч, вакцинатор, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Холбоотой мэдээ