Дур мэдэн эм уух нь шүдний өвчнийг хүндрэхэд хүргэж байгааг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дур мэдэн эм уух нь шүдний өвчнийг хүндрэхэд хүргэж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тодруулбал, эрүү, нүүр амны өвчлөлийн 50-иас дээш хувийг шүдний үрэвсэлт хүндрэлүүд эзэлж байгаа аж. БОЭТ-д жилд 150-250 иргэн шүдний үрэвсэл нь хүндэрч мэс засалд ордог. Үүний шалтгаан нь иргэд шүдэнд нь цооролт үүсэж, өвдөхөд эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн өвчин намдаагч хэрэглэснээр аажимдаа хүндэрч, яс, хальсан доогуураа идээлж, буглаа үүсгэн хоолой, цээж рүү орж хүндэрдэг гэлээ. Шүдний өвчлөл бол урьдчилан сэргийлэх боломжтой ч иргэд хайхрамжгүй байдлаасаа үүдэж, хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах тохиолдол энэ мэтчилэн буурахгүй байгааг хэлж байлаа.
Ташрамд дуулгахад, БОЭТ шүдний хүндрэлийн нарийн мэс ажилбарыг аймагтаа хийж байгаа нь иргэд нийслэлийг зорих шаардлагагүй болж, эдийн засаг, цаг хугацаагаа хэмнэж байгаа юм.