Чингэлтэйгээс бусад дүүрэгт өнөөдөр шинжилгээ авахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комиссоос зөвхөн Чингэлтэй дүүрэгт "Нэг хаалга - нэг шинжилгээ"-г үргэлжлүүлж бусад дүүрэгт өнөөдөртөө зогсоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Налайх дүүргийн Шуурхай штабт өчигдөр буюу энэ сарын 18-ны 23.35 цагт Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдэж, чиглэл өгсөн байна. Учир нь нийслэлийн хэмжээнд шинжилгээний лабораторийн ачаалал дийлэхгүйд хүрснийг Налайх болон Багануур дүүргийн Шуурхай штабын хэвлэлийн мэдээнд дурджээ.
Иймд энэ сарын 19-нд төлөвлөсөн Чингэлтэй дүүргээс бусад буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн шинжилгээ авах ажлыг хойшлуулж байгаа юм.
Дээрх алслагдсан гурван дүүрэгт энэ сарын 17-ноос "Нэг хаалга - нэг шинжилгээг"-г эхлүүлсэн бөгөөд шинжилгээ авах ажил өнөөдрийн байдлаар, Налайх дүүрэгт 80, Багануур дүүрэгт 95.6 хувьтай байгааг дүүргийн Шуурхай штабууд мэдээлжээ.