Монголын жүдоч Саид Моллаей хэсгийн аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-19 20:15:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тель - Авив - Их Дуулга”-д Монголын баг тамирчдыг төлөөлөн ганцаараа хүчээ сорьж байгаа, Иран гаралтай Саид Моллаей, Италийн жүдоч Антони Испоситог ялж, В хэсгийн аваргын төлөө барилдахаар болов.


Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы бөх Доминик Ресселтай ур чадвар, хүчээ үзэх юм. Саид Моллаей, Доминик Рессел нар 2018 оны Санкт Петербургийн мастерсын тэмцээнд хамгийн сүүлд учраа таарч, Моллаей ялж байсан юм.


Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох энэхүү Гранд сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр /2021.02.19/ явагдаж байгаа юм. Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Зелим Цкаевыг иппон үнэлгээгээр ялсан бол гуравдугаар тойрогтоо ийнхүү Италийн бөхийг хожлоо.


Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д Саид Моллаейтай ширүүхэн өрсөлдөөн үзүүлнэ гэж байсан Израилийн Саки Муги хоёрдугаар тойрогтоо Бельгийн Сами Чучид ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна. Мөн Гүржийн алдарт бөх Лука Майсурадзе Германы Александр Вицерзакт ялагдлаа.

Холбоотой мэдээ