Төв аймгийн зарим суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-19 16:06:41

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болон малчдын бэлтгэсэн өвс тэжээл хомсдож, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тиймээс  Аймгийн Засаг даргын Тамгын газраас  өвлийг өнтэй давах, эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, сум, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зудын эрсдэлийн үнэлгээ өндөр 14 суманд 5.0 сая, эрсдэлийн түвшин дунд сумдад 2.5 сая төгрөг нийт 102.5 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас  хуваарилан олгожээ. Мөн Улсын аюулгүй нөөцөөс тус аймагт 140 тн өвс хуваарилсныг өвөлжилт хүндэрч буй Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл Сэргэлэн зэрэг 5 суманд хуваарилсан. Мөн аймгийн аюулгүйн нөөцөөс 157 тн өвс буюу 6309 боодол өвсийг 27 суманд, 40 тн тэжээлийг өвөлжилт хүндэрч буй зудын эрсдэлийн үнэлгээ өндөр 9 суманд хуваарилан олгоод байна. Хэдийгээр зохион байгуулалтын арга хэмжээг цаг алдалгүй, шат дараатай авч хэрэгжүүлж байгаа хэдий ч өвөлжөө тааруу газраас гайгүй сум руу отор нүүдэл ихэсч, Баян, Баяндэлгэр, Баянцогт, Баянжаргалан, Цээл, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Эрдэнэ суманд өвөлжилт хүндэрч, хавартай золгосон гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Харин аймгийн урд талын тал хээрийн Бүрэн, Баян-Өнжүүл, Баянцагаан, Алтанбулаг, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт зэрэг сумдад зуншлага муу, ургамлын гарц тааруу байсан, улмаар намаржаа тааруу байж өвөлтэй залгасан тул бэлчээрийн өвс тэжээл хомсдож байгаа. Иймээс тус сумдын малчид малаа бэлчээхгүйгээр суурин тэжээж, өвөл, хавартаа хангалттай хүрдэг байсан нөөцөлж бэлтгэсэн өвс тэжээл нь хүрэлцэхгүй дахин өвс тэжээл нэмж худалдан авах нөхцөл байдалтай тулгарч байгаа аж.

  

Холбоотой мэдээ