Шинээр барьж буй орон сууцыг нэгдсэн дулааны шугамд холбох техникийн нөхцөлийг бүрдүүлнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-02-24 14:34:05

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компанийн удирдлагуудхувиараа барилга барьдаг иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

2021 онд барих 734 айлын орон сууцны барилга, дахин төлөвлөлт хийх 177 барилга байгаа.

Төрөөс 150 мянган айл-орон сууцны үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан орон сууцны газар, дэд бүтэц, ипотекийн 6 хувийн зээлд бүрэн хамруулах асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.

Архангай аймагт 53 байршилд 1530 өрх инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Аймгийн хэмжээнд ‘’Эх голомтын илч’’ ХХК нийт орон сууцны дулааны асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд дулааны станц байхгүйн улмаас шинээр барьж буй барилгууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдож чадахгүй, тус тусдаа уурын зуух барьдаг нь хүндрэл учруулдаг гэв.

Харин ‘’Эх голомтын илч’’ ХХК-ийн зүгээс орон сууцны иргэдийн м/кв-ын төлбөр бага байдаг учраас манай байгууллагад алдагдалтай тул шинээр барьсан орон сууцыг нэгдсэн дулааны шугамд холбох техникийн нөхцөлийг бүрдүүлдэггүй гэдэг тайлбар өгч байв. Энэ асуудлыг цаашид Засаг дарга болон дулаан үйлдвэрлэгч ‘’Эх голомтын илч’’ ХХК, орон сууцны барилгын компаниуд хамтран ажлын баг байгуулж, асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Холбоотой мэдээ