Иракт болсон халдлагуудын хариуцлагыг "Лалын улс" өөртөө хүлээв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /ВВС/. Иракийн нийслэл Багдад хот болон тус хотоос холгүй орших газарт хоёр машин дэлбэлсний хариуцлагыг “Лалын улс” босогчдын бүлэглэл өөртөө хүлээлээ. Уг хоёр халдлагын улмаас 28 хүн амь үрэгдсэн юм.
Иракийн цагдаа нарын мэдэгдсэнээр, тэсрэх бодис ачсан автомашин жолоодож явсан амиа золиослогч этгээд өчигдөр өглөө Тажи хотын армийн шалган нэвтрүүлэх цэг рүү дайран орж, өөрийгөө дэлбэлснээр таван цэргийн амийг хөнөөж, 13 хүнийг шархдуулсан байна. Тус хот Багдадаас хойд зүгт 30 орчим км-ийн зайд оршдог ажээ.
Үүнээс хоёрхон цагийн дараа Багдадын зүүн хэсэгт шиитүүд голдуу оршин суудаг дүүрэгт автобусны буудлын ойролцоо тэсрэх төхөөрөг бүхий автомашин дэлбэрсний улмаас 23 хүн амь үрэгдэж, 40 хүн шархаджээ. Тухайн үед автобусны буудалд хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ.
Лалын суннит урсгалыг баримталдаг “Лалын улс” бүлэглэл онлайнаар мэдэгдэл хийхдээ “Бид лалын шиитийн урсгалын журамт цэргүүд болон засгийн газрын цэргүүдийн эсрэг дээрх халдлагуудыг үйлдсэн” гэв.
Фаллужа хотоос “Лалын улс”-ыг хөөн гаргах цэргийн томоохон ажиллагаануудыг Иракийн арми, цагдаагийн хүчнийхэн явуулж байгаа билээ. Эдгээр ажиллагаанд шиитийн журамт цэргүүд оролцож байгаа юм.
Энэ долоо хоногт эхэлсэн лалын ариун Рамадан сарын үеэр өөрт нь дайсагнагч улс орнуудын эсрэг террорист халдлага үйлдэхийг “Лалын улс”-ын удирдлага уриалж байсан юм.
Г.Доржханд