Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 8,4 хувиар нэмэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-24 15:18:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийгмийн халамжийн сангаас нэгдүгээр сард 1.7 (давхардсан тоогоор) сая хүнд 155.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 133.9 (8,4 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 108.5 (3,3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 164.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 101.8 (2,6 дахин) тэрбум, зарлага 108.2 (3,3 дахин) тэрбум төгрөгөөр өсөв.


Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмж 288.0 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянга, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн юм.


Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 111.6 (10,3 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 98.5 тэрбум (5,6 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

 

 

 

Холбоотой мэдээ