Куба улс хүн амаа дархлаажуулсны дараа вакцинаа экспортолно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-26 13:41:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсеоныг хүлээн авч уулзав.


Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа. Цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, оны эцэс гэхэд 100 сая тун вакцин үйлдвэрлэн нийт хүн амаа дархлаажуулж, үлдсэн хэсгийг нь  гадаадын улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.


Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, Ерөнхий сайд Мануэль Марреро Крузд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Өндөр, дээд түвшний айлчлал харилцаанд чухал ач холбогдолтой гэж үздэгээ тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэх хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо”-г испани хэлээр дахин хэвлүүлэн, сэтгүүл, телевизийн нэвтрүүлгийн хэд хэдэн тусгай дугаар гаргасныг дурдав.


Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, биотехнологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Холбоотой мэдээ