Нохой устгалд 10 гаруй сая төгрөг зарцуулсаар байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-02-27 11:43:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын хэмжээнд жилд 12-13 сая төгрөг зарцуулж 1500-2000 нохой устгуулдаг талаар мэдээллээ. Жил бүр ийм хэмжээний мөнгийг төсвөөс зарцуулж байгаа нь нэг талаараа иргэдийн ухамсар болон үүргээ мэддэггүйтэй холбоотой аж. Тодруулбал, нохой муур, мал, тэжээвэр амьтныг вакцинжуулах, мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргээ мэддэг иргэд ховор. Түүнчлэн хүзүүвч зүүлгэх, хараа хяналтдаа байлган бусдад гэм хор учруулахгүй байх, тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх нь иргэний үүрэг. Иргэд эдгээр үүргээ ухамсарладаггүйгээс нохойд хазуулах тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдсээр, жил бүр улсын төсвийг урсгасаар байна.

Өнгөрөгч онд 240 хүн галзуугийн эрсдэлд өртөж эмнэлэгт хандсанаас 188 нь эзэнтэй нохойд уруулжээ. Эдгээрийн 31.5 хувь нь 6-18 насны сургуулийн хүүхдүүд байна. Энэ тоо нэмэгдээгүй нь аюулын харанга дэлдээд байгаа коронавирусний хөл хорионы ач тус гэлтэй.

Мөн иргэд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоох арга хэмжээ авдаггүйгээс тэнэмэл, золбин гэгдэх нохой, муурны тоо нэмэгдсээр байна. Нохой жилд 6-12 гөлөг гаргадаг гэж тооцвол хоёр жилд 100 гөлгийг иргэд төөрүүлж хаядаг байх нь. Энэ асуудлыг дэлхийн томоохон хотууд муур, нохдод spay, neuter хийх аргаар шийдвэрлэх чаджээ. Спей /spay/ гэдэг нь эм амьтны үржлийн эрхтэн болох сав, өндгөвчийг мэс заслын аргаар боож, үйл ажиллагааг зогсоохыг хэлдэг байна.

Чингис хотод эзэнтэй нохойны үрийн сувгийг боох энэхүү спэй аргыг мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Хэрлэн сумын ЗДТГ-аас гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлэх, судалгаа санал асуулга авах, пайзжуулах, вакцинжуулалт, туулгалтад хамруулах ажлыг эхлүүллээ.

Иргэн та нохой, муурныхаа үржлийг зогсоон, тэжээвэр амьтандаа хөрөнгө оруулалт хийж татварын хөнгөлөлт эдлээрэй. Учир нь үргүйжүүлсэн нохойны татвар бага бол үргүйжүүлээгүй нохойных өндөр байдаг байна.

 

Холбоотой мэдээ