Шинжилгээний цэгүүдэд олон улсад нэвтэрсэн мэдээллийн технологийн менежмент ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-05 18:53:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой коронавирусний шинжилгээ авах цэгүүдийн ачаалал нэмэгдсэн. Шинжилгээний цэгүүдэд цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай ажлын баг хуралдлаа.


Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, “Улаанбаатар хотын хэмжээнд голомтын болон харуулдан тандалтын үйл ажиллагаа цогцоороо явагдаж байна. Ердийн өдөр төвийн дүүрэгт шинжилгээний 15, захын дүүрэгт гурван цэг ажилладаг. Дүүргүүдийн хэмжээнд ПСР шинжилгээний таван лаборатори ажилладаг бөгөөд 15 цэг өдөрт 6930 шинжилгээ авах хүчин чадалтай. Ачаалалтай өдөрт төвийн цэгийг 22 цэг болгож нэмсэн. Ингэснээр нэгдүгээр түвшинд  9870 хүнд, хоёрдугаар түвшинд хүчин чадлыг хангалттай нэмэгдүүлээд 19 110 хүнд шинжилгээ хийж байна. Бид олон улсад нэвтэрсэн мэдээллийн технологийн менежмент ашиглаж байгаа. Eruul.gerege.mn сайтаар тухайн сорьцыг хэзээ, хаана авсан, хэдэн цагт аль лабораторид хүргэсэн гэх мэт бүх мэдээллийг иргэд авах боломжтой болсон.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр даваа гарагт тохиож байгаа. Уг нь бол бүх нийтээрээ амрах өдөр. Гэвч долоо хоногийн өмнөөс иргэд хандаж 5560 хүн цаг авчихсан байна. Нэмж цаг авахгүй байхаар тохируулсан” гэв.


Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүж, олон нийтийн газар аль болох очихгүй, олноороо цугласан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг уриаллаа. 


Холбоотой мэдээ