Б.Мөнхчулуун: Байгууллагуудад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ажиллах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-11 12:10:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ҮЭХ-ны тэргүүн Б.Мөнхчулуунтай ярилцлаа. Тэрээр ҮЭХ-ны үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, анхаарах асуудлуудын талаар танилцуулсан юм.


-МҮЭ-ийн холбоо орон даяар цахим тэмцэл өрнүүлж, НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлууллаа. Улс орон даяар өрнөсөн энэхүү цахим тэмцэлд аймгийн салбар ч мөн оролцсон байх. Энэ талаар тодруулна уу?

-МҮЭ-ийн холбооны хувьд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ төлөө нэлээд эрчимтэй тэмцэл өрнүүлж, үр дүнд хүрлээ. НДШ-ийг хоёр хувиар нэмэх тухай хуулийг эсэргүүцэж, орон даяар өрнүүлсэн энэхүү цахим тэмцлийн үр дүнд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжих ёстой байсан хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж, царцаахаар болсон.

Энэхүү цахим тэмцэлд МҮЭ-ийн холбооны бүх салбар өөрөөр хэлбэл үйлдвэрчний эвлэлийн 36 байгууллага, анхан шатны 2000 гаруй хороод оролцлоо. Дундговь аймгийн хувьд үйлдвэрчний эвлэлийн анхан шатны 18 байгууллагын 120 гишүүн оролцсон.

2017 онд НДШ-д авч байгаа цалингаасаа 21 хувийн шимтгэл төлдөг байсан бол одоо 24 хувиар төлж байгаа. Хоёр хувийг нэмэгдүүлэхээр 26 хувиар төлөх болчихоод байгаа юм шүү дээ.

Дэлхий нийтээрээ коронавирусний цар тахалтай тэмцэж, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулахгүй, иргэдийн орлого буурсан, эдийн засаг хүндэрсэн энэ үед НДШ-ийг дахин нэмж байгааг эсэргүүцэж, хоёрдугаар сарын нэгнээс эхлээд энэхүү цахим тэмцлээ явуулж эхэлсэн.  

Мөн энэ үеэр энэ оны долдугаар сарын нэгэн хүртэл нийгмийн даатгалын хөнгөлөлт эдэлж байгаа байгууллага хэд байна, хөнгөлөлтөд хамрагдаагүй аж ахуйн нэгж хэд байна гээд судалгаа хийж үзлээ.

-Судалгааныхаа тухай товчхон танилцуулаач, Дундговийн хувьд энэ журмын хэрэгжилт ямар байна вэ? 

-Тэгэхээр аймгийн хэмжээнд 523 компани, хоршоо, нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр байгууллагад ажиллаж байгаа 6623 шимтгэл төлөгч байна.

Эдгээрээс хоршоо, нөхөрлөл буюу жижиг компаниуд гээд 310 байгууллага л хөнгөлөлтөд хамрагдаж байна. Ер нь бол бүх л байгууллага хамрагдах ёстой.

-Танай байгууллагын хувьд иргэдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. ҮЭХ хэмээх байгууллагын тухай, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулдаг талаар яривал?

-Манай байгууллага аймгийн Засаг даргатай Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгуулж, хамтран ажилладаг. 

Энэхүү хэлэлцээрт аймгийн хэмжээнд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, зөрчлийг багасгахын төлөө ажил олгогчид, иргэдээ чадавхжуулах асуудлууд тусгагддаг гэж болно.  

Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хорооны салбар зөвлөлд аймгийн ҮЭХ-ны төлөөллүүд ордог учир манай байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал талаас ч, хөдөлмөр эрхлэлтийн талаас ч оролцож явдаг гэсэн үг юм.

ХАБ-ын хувьд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, бусад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд ямар байна, энэ харилцааг зохицуулах зардлууд байна уу, зарцуулалтын байдал нь ямар байна гэх мэтчилэн судалгаа, нөлөөлөл, сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Аж ахуйн нэгж байгууллагуудад дээрх зардлууд олгогдож байна уу, үгүй юу, хамтын гэрээ хийж байна уу, хөдөлмөрийн гэрээг зөв зүйтэй хийж байна уу, зөрчил гардаг уу, зөрчил гардаг бол шалтгаан нь юу байна гэхчилэн иргэдийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой асуудлуудыг шийдүүлэхэд туслах нь бидний үүрэг.

Жишээлбэл, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарлаа гэхэд л түүний ажил үүрэг Төрийн албаны тухай хуулиар явахгүй шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулаад явна, ингээд явахаар өмнө нь төрийн албан хаагч байхдаа авч байсан хангамж, нэмэлтүүд байхгүй болно гэсэн үг. Хэрэв тэгээгүй өмнөх гэрээгээр нь явж байвал түүнийг өөрчлүүлэх хэрэгтэй болдог, гэх мэтчилэн иймэрхүү энгийн асуудлууд, асуултууд байнга л гардаг.

-2019-2020 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт, түүний үр дүн ямар байна, анхаараах асуудлууд юу байв?

-2019-2020 оны гурван талт гэрээ, хэлэлцээрт нийт 24 асуудлыг тусгасан. Түүнээс дөрвөн асуудал хэрэгжээгүй. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг байгууллагууд ерөөсөө тусгаагүй, хамтын гэрээгээ хийгээгүй зэрэг асуудлууд байсан.

Ер нь төрийн байгууллага, ажил олгогч эздийн холбоо, ҮЭХ гурван талаасаа саналаа хэлж, тухайн жилд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд хэлэлцээр хийж, гэрээ байгуулж байгаа юм. Тэгээд өөр өөрийн оруулсан саналын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажиллах ёстой.

Энэ тал дээр манай ажил олгогчид хангалттай сайн ажиллаж чадаагүй. Өнгөрсөн жилийн хувьд хэрэгжээгүй асуудлууд нь үүнтэй л холбоотой байсан.

Бид Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд л хамтарч ажиллаж байгаа. Хуулийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн маань аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх зөрчигдөх ёсгүй. Цалин хөлсөө бүрэн авч, эдлэх ёстой эрхээ эдэлж, нийгмийн хангамжаа хүртэж байх ёстой.

Аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөхийн тухайд ажилтны аюулгүй ажиллагаа хангагдсан байх шаардлагатай. Түүний тул хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлуудыг байгууллагууд төлөвлөж байх ёстой. Гэтэл энэ зүйл, заалтын хэрэгжилт тааруу байгаа.

Түүнээс болоод үйлдвэрлэлийн осол гарна, хэрэв түүнийгээ нуун дарагдуулвал манай байгууллага илрүүлнэ.

-Тэгвэл цаашид яаж ажиллах ёстой вэ, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах вэ?

-Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол гэхэд гурав гарсан. Энэ нь ХАБ-ыг хэр зэрэг хангаж, ажилтнаа хэр зэрэг чадавхжуулж байгаагаас голчлон шалтгаалж байгаа. ҮЭХ-ноос шаарддаг.

Энэ байдлыг сайжруулахын тулд сургалтаар л чадавхжуулах шаардлагатай. Сургалт нь ХАБ-ын сургалт байх ёстой. Энэ сургалтыг явуулж, ажилтнаа чадавхжуулахын тулд зардал гардаг. Энэ зардлыг хаанаас бүрдүүлэхийг хуульд заагаад өгсөн байгаа.

Тухайлбал, төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагууд тухайн жилийн санхүүжилтийн 0,5 хувиар, төрийн өмчит болон компаниуд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд 0,1 хувиар бүрдүүлж байхыг хуульчилсан. Энэ зардал зайлшгүй суух ёстой.

Гэтэл ажил олгогч нар маань энэ зардлыг суулгадаггүй, сургалтаа явуулдаггүй. Одоо шинэ Засаг даргатай хэлэлцээр хийж, гэрээ байгуулна. Тиймээс арай өөр байдлаар, хариуцлагажуулж ажиллах талаар ярилцья гэж бодож байгаа.

-Өнгөрсөн жил үйлдвэрлэлийн осол гурав гарсан гэлээ. Ослын шалтгаан, хохирол, осолд орсон хүний гэмтлийн байдлыг хэн, хэрхэн тогтоодог вэ?

-Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ажиллах ёстой.

Осол гарлаа гэхэд тэр ослыг бүртгэж байдаг. Ийм комисс ажиллуулахгүй байгаа учраас тэр осол бүртгэгддэггүй, ийм ажилтан байлаа ч түүнийгээ чадавхжуулаагүй учраас ослын актыг муу хийж, МХГ-аас буцаад ирдэг тохиолдол байдаг.

Өөрөөр хэлбэл,үйлдвэрлэлийн осол гарлаа гэхэд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс судлан бүртгээд акт гаргаж, түүнийг нь МХГ хянаад түүний үндсэн дээр осолд орсон хүний хувьд дараагийн нийгмийн асуудлууд нь хууль журмаараа шийдэгдээд явдаг.

Тиймээс тухайн хүнийг хохироолгүй, асуудлыг нь зөв шийдэхийн тулд л байгууллага бүр дээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс ажилладаг, тэр нь чадавхтай байх нь чухал юм.

Барилга, уул уурхай гэх мэт хүнд нөхцөлтэй байгууллагуудын хувьд орон тооны байцаагч, бусад байгууллагад орон тооны бус комисс ажиллах ёстой. Тэр комисс хэрхэн, яаж ажиллахыг хуулиар заагаад өгчихсөн байгаа.  

-Иргэд, хөдөлмөр эрхлэгчдэдээ хандан юу гэж зөвлөх вэ?

-Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд л төр, ҮЭХ, ажил олгогч гурван тал хамтарч ажилладаг, цаашдаа ч хөдөлмөр эрхлэгчдийнхээ аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийг хангаж, энэ төрлийн зөрчил, маргааныг бууруулж, иргэдээ чадавхжуулахын төлөө ажиллана гэж найдаж байна.  

Иргэд маань чадавхтай болж байж л эрхээ хамгаалуулж, аюулгүй байдалд ажиллаж, орлогоо нэмэгдүүлж чадна. Тиймээс хууль, журмыг уншиж, судалж, мэргэжлийн хүмүүсээс, манай байгууллагаас зөвлөгөө авч байгаарай гэж хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ