Энэ сарын 15-наас мал төллөж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-11 20:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаваржилтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.


-Улсын хэмжээнд хаваржилтын байдал хэр байна вэ?

-Хаваржилт өнөөдрийн байдлаар хэвийн байна. Энэ өвөл харьцангуй хүйтэн, эрсдэлтэй аймаг нэлээн байсан ч эрсдэлийг  бууруулах ажлыг ХХААХҮЯ, УОК, аймаг орон нутгийн Засаг дарга, малчид хамтран авч хэрэгжүүлсний үр дүнд өвлийг жигд, харьцангуй өнөтэй давлаа. 

Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Архангай зэрэг аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа талаар УОК-ын эрсдэлийн үнэлгээ гарч байсан. Эдгээр аймагт яам, Засгийн газар, УОК, олон улсын байгууллагаас малын өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлж ирсэн. 

Хаваржилтад анхаарах 2-3 зүйл байна. Нэгд, ХХААХҮ-ийн сайд 2 дугаар сарын 23-нд хаваржилтын эрсдэлийг бууруулах, гоц халдварт өвчний улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, хаваржилтын хүндрэлийг даван туулах чиглэлээр тодорхой албан даалгавар гаргаж орон нутагт хүргүүлсэн. Үүний дагуу аймаг, орон нутагт ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж байна. Хамгийн түрүүнд отроор хаваржиж байгаа малыг тухайн аймгийн нутгуудаас нь 4 дүгээр сарын 1-ний дотор гаргахаар зохицуулж байна. 


-Отрын малыг гаргах маршрут, хуваарийг гаргасан уу? 

-Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу отрын бэлчээрийг чөлөөлөх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар, орон нутгийн Засаг дарга нар хамтарч зохион байгуулах учиртай. Ингэхдээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж хяналт дор тусгай заасан маршрутын дагуу буцаах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ ажлын бэлтгэлийг бүрэн хангасан гэж хэлж болно. 

Маршрутыг Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулна. Отрын мал вакцинтай бүсээс вакцингүй бүсэд орсон учраас тухайн орон нутгийн Засаг дарга нар ярилцаж тодорхой төлөвлөгөө зам маршрутын дагуу зохион байгуулна. 


-Энэ хавар хэчнээн толгой мал төллөх вэ? 

-25 сая толгой мал төллөх боломжтой байгаа. Цаг агаарын байдалтай холбогдуулаад хаваржилт ямар болохыг сайн мэдэхгүй. 3 дугаар сарын 15-наас мал төллөж эхэлнэ. ХХААХҮЯ 3 дугаар сарын 18-наас эхлэн мал төллөлтийн нэгдсэн дүнг хүлээн авч танилцуулна. 


Холбоотой мэдээ