Орландад үйлдсэн аллагыг "террорист халдлага" гэж Обама тодорхойлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-13 10:00:35

ВАШИНГТОН. /ВВС/. Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газар руу өнгөрсөн шөнө нэгэн зэвсэгт этгээд дайран орж, олон хүнийг хөнөөсөн аймшигт хэргийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “террорист халдлага” гэж тодорхойлоод, уг хэргийг маш нарийн мөрдөн шалгана гэдгээ мэдэгдлээ. 

Орландо хотын ижил хүйстнүүд цуглардаг шөнийн цэнгээний газарт өнгөрсөн шөнө нэгэн этгээд гал нээж, 50 хүнийг хөнөөж, 53 хүнийг шархдуулсанаас хойш хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Обама сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн юм.

Обама хэлэхдээ “харгис хэрцгий алуурчид гэм зэмгүй олон арван хүнийг аймшигтайгаар хөнөөн америкчуудыг уй гашууд автуулж байна” гэв.

Тэрбээр цааш ярихдаа “Лесби, гей, бисекс болон трансжендер хүмүүсийн хувьд зүрх шархирам хар ням гараг байлаа” гээд, уг халдлагыг үзэн ядалтаас үүдсэн террорист халдлага гэж тодорхойллоо.

Уг хэргийг Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж байна.

Америкчуудыг болон улс орноо хамгаалж, аюул заналхийлэл учруулж буй этгээдүүдийн эсрэг арга хэмжээ авч,  айдаст авталгүй, эв нэгдэлтэй байхыг Обама ард түмэндээ хандан уриаллаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ