Шороон шуурганы улмаас Бээжинд 400 гаруй нислэг цуцлагджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-15 13:32:55

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас шороон шуурганаас анхааруулах шар дохиог асааж, 400 гаруй нислэгийг цуцалжээ.

    Тодруулбал, Бээжин хотын Цаг уурын газар өнөө өглөөний 7 цаг 25 минутад шороон шуурга шуурах талаар сэрэмжлүүлээд, үд дунд гэхэд хотын ихэнх хэсгээр үзэгдэх орчин 1000 метрээс бага байхыг анхааруулав.

    Бээжин хотын Экологи орчны хяналтын төв өнөөдөр өглөө мэдээлэхдээ, “Агаарын хүйтэн урсгал болон Монгол Улсын циклон /хар салхи/ зэрэг шалтгааны улмаас Хятадын хойд бүс нутгуудад шороон шуурга орж ирнэ. Энэхүү шороон шуурга нь энэ жилийн хувьд хамгийн том, хүчтэйд тооцогдож байгаа бөгөөд элсний тоосонцор дахь PM10 хэмжээ нь нэг куб метр тутамд 10,000 микрограмм байна” гэжээ.

    Улмаар өнөөдөр өглөөний 9.30 цагийн байдлаар Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудлын 247, Дашинь нисэх онгоцны буудлын 181 нислэг тус тус цуцлагдсан байна.  

Холбоотой мэдээ