Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-15 13:47:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.


Тодруулбал, нийслэлийг өнгө үзэмжгүй харагдуулдаг, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж, явган хүний зам руу түрж барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүх талаас нь дэмжихийг үүрэг болгож, төрийн албаны хүнд суртал гаргахгүй байхад анхаарахыг даалгалаа.


Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг ЗГХЭГ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн. Энэ сарын 31-ний дотор Засгийн газрын хурлаар танилцуулахаар болсныг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга энэ үеэр танилцуулсан юм.


Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хоёрдугаар сарын 26-ны 06.00 цагаас энэ сарын 12-ны 06.00 цагийн байдлаар 23 258 тээврийн хэрэгсэлтэй 52 348 хүн нийслэл рүү орж, 31 854 тээврийн хэрэгсэлтэй 76 292 хүн гарсныг шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Холбоотой мэдээ