Энэ жил 10 мянга гаруй мод тарихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-16 11:25:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн иргэд хөдөлмөрчид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах зорилгоор өнгөрсөн жил 50 мянга гаруй мод тарьсан.

Тэгвэл энэ жилийн тухайд урьдчилсан байдлаар 50 орчим га талбайд 10 мянга гаруй мод тарихаар төлөвлөсөн байна. Мод тарих, арчлах ажил энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэх аж.  

Өнгөрсөн жил Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба, байгаль орчны салбар байгууллагууд хамтран “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд өрнүүлсэн нь нэлээд үр дүнтэй ажил байв.

Тодруулбал, “Хог биш мод тарья” хөдөлгөөнд 4775 иргэн гар бие оролцон ажиллаж, алим, чацаргана, үхрийн нүд, улиас, хайлаас, бургас, гацуур зэрэг 12 төрлийн 59584 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, аймгийнхаа ногоон байгууламжийн талбай, таримал ойн хэмжээ, ус болон хүчилтөрөгчийн эх үүсвэрийг нэмэгдүүлжээ.

Энэхүү хөдөлгөөнөөр дамжуулан иргэдийн байгальтай зүй бусаар харьцах хандлагыг өөрчлөх нөлөөлөл, сурталчилгааны ажлыг түлхүү явуулсан. Мод тариад орхих бус, тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах, хамгаалах талаар мэдээллийг үе шаттай өгсөн. Ингэснээр иргэдийн байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үндэс тавигдлаа гэж Ховд аймгийн ИТХ-аас дүгнэсэн байна. 

Холбоотой мэдээ