Судалгаа: Өглөгч хүн өндөр насалдагийн учир

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-03-17 11:59:12

Хүмүүст өгөөмөр сэтгэлээр хандаж, тэдэнд тусалж байх нь байнга дасгал сургуулилт хийснээс илүүтэйгээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ажээ. Бусдад багахан боловч өглөг өгч байх нь зүрх сэтгэлийг уяраан бүлээсгэдэг төдийгүй эрүүл мэндийн байдлыг ч сайжруулдаг гэнэ.


Сонинуудад 96 настай Бетти Лоу гэдэг эмэгтэйн тухай бичиж эхлэв. Аль ч улсын хэмжүүрээр авч үзсэн яахын аргагүй өндөр настайд тооцогдох энэ хүн Манчестерийн хаяа хот болох Солфордын нэгэн эмнэлгийн цайны газарт сайн дураараа ажиллаж, сав суулга угааж, кофе зөөж, өвчтөнүүдтэй яриа хөөрөө өрнүүлнэ. 


Хэдхэн жилийн дараа Лоу 100 нас хүрлээ. Гэвч тэрбээр ажилласаар байгаа тухай сонинууд бичсээр. Он жилүүд өнгөрсөөр 102 нас, 104 нас хүрэв. Бүгд гайхшрав. Бүр 106 нас хүрч, хараа нь муудсан хэдий ч Лоу долоо хоногт нэг удаа кафед ирж ажилладаг байлаа. 


Ихэнх хүмүүс гэртээ нам гүм суухыг эрхэмлэж буй үед Лоу кафед ажилласаар байсны буйн учир гэвэл, энэ ажил нь түүнийг эрүүл саруул байлгаж, урт удаан наслуулдаг гэдэгт тэрбээр бүрэн дүүрэн итгэдэг байв.

Тиймээ, түүний бодол үнэн болж таарлаа. Энэрэнгүй өгөөмөр зан хийгээд сайн дураараа ажиллах, мөнгөн хандив өргөхөөс эхлээд ямар нэгэн санаандгүй тохиолдлоор бусдад тус хүргэх нь сайн сайхан амьдрах, урт удаан наслахад нөлөөлдөг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагджээ. Жишээ нь, сайн дураараа бусдын төлөө ажиллах нь эрт нас барах магадлалыг 24 хувиар бууруулдаг болохыг судалгаа харууллаа. Харьцуулваас, өдөр бүр 6 ба түүнээс дээш тооны жимс ногоо хэрэглэхэд ийм үзүүлэлт гарсан нь бий.


Түүнээс гадна, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх, зүрхний өвчлөлд хүргэдэг үрэвсэлт өвчин тусах зэрэг эрсдэл нь өглөгч хүмүүсийн хувьд харьцангуй бага байдаг аж. Мөн өглөг хандивын үйл ажиллагаанд оролцдоггүй хүмүүстэй харьцуулахад тэдний эмнэлэгт өнгөрүүлсэн цаг хугацаа 38 хувиар богино байдаг гэнэ. 


Гэхдээ угаасаа бие сайтай хүмүүс сайн дурын ажил хийдэг гэдгийг дурдах нь зүйтэй. Жишээ нь, хэрвээ та үений үрэвсэлтэй бол гуанзанд ажиллахыг мэдээж хүсэхгүй. Ер нь бол, сайн дурынхан бие сайтай байдаг гэдэг нь нэгэнт ойлгомжтой, гэхдээ ямартаа ч сайн дураараа хүмүүст туслах нь бидний эрүүл мэндэд нөлөөлдөг нь үнэн болж таарлаа. Үүнийг нотлох зорилгоор лабораторийн нөхцөлд туршилт явуулах явцад бусдад туслах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөд хүргэдэг биологийн механизмыг нээн илрүүлжээ.


Канадад явуулсан нэгэн туршилтын явцад ахлах ангийн сурагчдыг 2 хэсэгт хуваагаад, нэг хэсгийг нь 2 сарын хугацаанд бага ангийнханд туслуулахаар илгээсэн бол нөгөө хэсэг сурагчдыг дараагийн ээлжинд уг ажилд оролцуулахаар хүлээлгэжээ. 4 сарын дараа, туршилт аль хэдийнэ дууссан хойно ахлах ангийнхнаас цусны шинжилгээ авсан байна. Бага ангийн хүүхдүүдийг идэвхтэй халамжлан сургаж байсан ахлах ангийнханд холестериний түвшин бага байсан төдийгүй цусан дахь интерлейкин 6 гэх мэт үрэвслийн маркерийн үзүүлэлт доогуур гарчээ. Энэ нь зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг төдийгүй вирусийн халдвартай тэмцэхэд тустай.


Мэдээж хэрэг, цар тахлын үед сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь тийм амар ажил биш. Индианагийн их сургуулийн сэтгэл судлаач Сара Конрат-ын үзэж байгаагаар, хэрвээ хүмүүст үнэхээр туслахыг хүсч байгаа бол виртуал орчинд сайн дурын ажил эрхлэх нь эрүүл мэндэд ашиг тусаа өгөх гэнэ.


Сонирхолтой нь, сайн дурын үйлст албан ёсоор оролцох төдийгүй санамсаргүй байдлаар хүмүүст тус хүргэх нь мөн адил цусны шинжилгээний үзүүлэлтүүдэд нөлөөлдөг байна.

Калифорнид хийсэн нэгэн судалгааны явцад, танихгүй хүмүүст кофе худалдан авч өгөх гэх мэт энгийн зүйлийг хийсэн хүмүүсийн цусан дахь үрэвслийн явцтай холбоотой лейкоцитуудын генүүдийн идэвхжил буурсан нь тогтоогджээ. Энэ бол тун сайн мэдээ, учир нь, архаг үрэвсэл нь хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин, ревматоид үений үрэвсэл зэрэгтэй холбоотой байдаг.


Хэрвээ хүмүүсийг МRI аппаратанд оруулаад, өглөг өгөхийг хүсвэл тэдний тархи өвдөлтөнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг, тархинд ямар өөрчлөлт гарч буйг харах боломжтой.


Саяхан хийсэн нэгэн туршилтанд оролцогчид мөнгө хандивлах уу, үгүй юү гэсэн шийдвэрийг гаргах ёстой байсан бөгөөд тэдний гарыг нь багахан хүчтэй тогонд цохиулсан аж. Хандив өргөх хүсэлтэй хүмүүсийн тархи өвдөлтөнд сулхан хариу үйлдэл үзүүлсэн төдийгүй өөрийн өглөгч үйлдлийг бусдад ашиг тустай гэж үзэх тусам өвдөлтийг илүү сайн тэсвэрлэж байжээ.


Яг үүний адилаар, сайн дураараа цусаа өгөх нь /2 дахин бүдүүн зүүгээр хатгуулж/ шинжилгээ хийлгэхийн тулд цусаа өгөхөөс өвдөлт багатай байж мэдэх юм. 


Өгөөмөр сэтгэлтэй байх, өглөгч байх, мөнгө хандивлах зэрэг нь эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг болохыг нотлох өөр маш олон жишээ бий. Жишээ нь, хүүхэд асрахад оролцдоггүй ахмад настнуудтай харьцуулахад ач зээгээ асардаг эмээ өвөө нарын хувьд нас барах эрсдэл 37 хувиар бага байдаг аж.


Түүнчлэн өөртөө таашаал авахын тулд бус харин бусдын төлөө мөнгөө зарцуулах нь сонсгол ба нойрыг сайжруулж, артерийн даралтыг бууруулдаг ба ингэхдээ үр дүн нь даралтны шинэ төрлийн эм уусантай адил байдаг гэнэ.


Сан-Диего-гийн их сургуулийн нейробиологич Тристен Инагаки-гийн хувьд, тэрбээр өгөөмөр сэтгэл, өглөгч зан нь эрүүл мэндэд нөлөөлдөг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Инагаки бол өглөгч занг хариуцсан” мэдрэлийн тогтолцоо буюу зан байдал, эрүүл мэндтэй холбоотой тархины муж хэсгүүдийн сүлжээг судалдаг хүн юм. Энэ тогтолцоо нь сүүн тэжээлтнүүдийн үр төлүүдийн дотроос хамгийн “арчаагүй” нь болох нялх хүүхдийг асрах ажлыг хөнгөвчлөх үүднээс хувьсалд орж, улмаар бусдад туслах сэдлийг бий болгодог болсон байж магадгүй.


Энэхүү мэдрэлийн сүлжээнд тархины урд хэсэгт байрладаг, сайшаал урамшууллыг хариуцсан муж хэсгүүд ордог. Хэрвээ та сугалаанаас эсвэл автомат сугалааны машинаас их хэмжээний мөнгө хожвол эдгээр муж хэсгүүд “асч гэрэлтэнэ”. Урамшууллын системийг эцэг эхийн үүрэгтэй холбож өгснөөрөө байгаль эх биднийг байнга уйлдаг нялх хүүхдээсээ тээршаан зугтаахгүйгээр болгожээ.


Инагаки-гийн судалгааны явцад, чухамдаа тархины эдгээр муж хэсэг нь хүмүүс бид ойр дотныхондоо тусалж байх үед ажиллаж байдгийг тогтоожээ. Улмаар эволюцийн явцад хүүхэд асрахыг урамшуулахын зэрэгцээ стрессийг багасгах үүрэгтэй болсон байна.  Бид бусдад өгөөмөр сэтгэлээр хандах эсвэл урьд нь хэзээ нэгэн цагт өглөг өгч байснаа дурсах үед тархин дахь айдсын төв буюу бүйлсэн хэлбэрт биетийн идэвхжил саардаг аж. Энэ нь магадгүй хүүхэд асрахтай холбоотой байж мэднэ.

Бүйлсэн булчирхай 


Хүүхэд асрах нь стрессийг багасгадаг гэх нь үнэмшил муутай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ судалгааны дүнг харвал, үр зулзагынхаа уйлагнах дууг сонссон амьтдын тархины бүйлсэн булчирхайн идэвхжил саардаг бол хүүхдийнхээ зургийг харсан хүний тархинд мөн л ийм процесс явагддаг байна. Үүнийг Инагаки тайлбарлахдаа “бусдад хэрэгтэй зүйлийг хийхийн тулд тархин дахь айдсын төвийн идэвхжил багассан байх ёстой” гэсэн юм.


Энэ бүхэн нь эрүүл мэндэд шууд нөлөөлнө. Нялх хүүхдийг асрах тогтолцоо буюу тархин дахь бүйлсэн булчирхай ба урамшууллын муж хэсэг нь бидний симпатик мэдрэлийн системтэй холбоотой бөгөөд уг систем нь цусны даралтыг зохицуулах, үрэвслийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд оролцдог. Ийм учраас ойр дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж байх нь хүний зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, урт наслахад нь дэм болдог байх нь.


Өөр нэгэн судалгааны дүнг танилцуулахад, өглөг хандив цуглуулах ажилд сайн дураараа оролцдог өсвөр насныхны хувьд үрэвслийн маркерын үзүүлэлтүүд болох интерлейкин 6 ба С реактив уургийн түвшин харьцангуй доогуур гарсныг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн уг хоёр маркер нь Ковид-19-ээр өвчилж хүндэрсэн тохиолдлуудтай ямар харилцан холбоотой болохыг ажигласан байна. Үүнээс үүдэн цар тахлын үед хүмүүст туслах нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж болохоор.


Жишээ дурдахад, цар тахлын аюул германчуудыг ойртон нягтруулж, бусдын төлөө санаа тавьдаггүй гэдгээ хэлж байсан хүмүүсийн тоо 2020 оны 2 дугаар сард 41 хувь байсан бол зун болоход 19 хувь болж буурчээ. Түүнчлэн британичууд 2020 оны эхний 6 сарын хугацаанд 800 сая фунт стерлингийн хандив өргөсөн бол америкчуудын тэн хагас нь ахмад настай, өвчтэй хөршүүдээ эргэж тойрсон гэх мэт жишээ бий. 


Нөгөөтэйгүүр, хэрвээ та төрөлхийн нигүүлсэнгүй, өгөөмөр өглөгч хүн биш байвал яах вэ?


Эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж төсөөлөх чадвар нь сайн дурын үйл ажиллагаа ба өглөгч зан чанартай гүнзгий холбоотой бөгөөд удамшдаг гэнэ. Тодорхой хэлбэл, бусдын зовлонг мэдрэх чадварын 1/3 нь биднээс генээс хамаардаг ажээ.


Гэхдээ эмпатийн түвшин доогуур байна гэдэг нь ямар нэгэн “шийтгэл биш гэж Конрат үзэж байна. “Хүн бүхэн булчинтай шүү дээ, хэрвээ дасгал хийх аваас булчингаа томруулж болно. Үүний адилаар эмпатийн түвшнээ дээшлүүлэх боломж хүн бүрт бий” гэж тэрбээр хэллээ. Үүний тулд зарим дасгалыг хэдхэн секундын дотор хийж болно. Жишээ нь, хэдхэн хормын хугацаанд та өөр хүний байр сууринаас хорвоо ертөнцийг харахыг оролдоод үзээрэй, гэхдээ өдөр бүр шүү. Мөн бясалгал хийж болно.   


Гэрийн тэжээвэр амьтдыг асрах, сэтгэл догдлуулсан ном унших зэрэг нь хөл хорионы үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх төгс аргууд бөгөөд эмпатигаа дээшлүүлэхэд ч тустай.


Өгөөмөр байх нь хүмүүсийн зүрх сэтгэлийг уяраадаг төдийгүй эрүүл мэндээ хамгаалахад ч тустай гэдгийг судалгаа харууллаа. “Зарим үед бусдын төлөө санаа тавих нь эрүүл мэндэд үнэхээрийн ашиг тустай байдаг” гэдгийг судлаач Инагаки эцэст нь онцолсон юм. 


Б.Адъяа

Эх сурвалжууд: https://www.bbc.com/future/article/20201215-why-being-kind-to-others-is-good-for-your-health

https://www.bbc.com/russian/vert-fut-55483796

 

 

 

Холбоотой мэдээ