Маршал Х.Чойбалсангийн гэрэл зураг, баримтаар тусгай үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-18 14:23:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг дээжлэн өнөөдөр Үндэсний музейн сан хөмрөгт дэлгэлээ.


Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “БНМАУ-ын Ерөнхий сайдшалгарсан баатармаршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд өнөөдөр болов.

 

ТЕГ-ын Тусгай архивМонголын Үндэсний музейСтратеги академи хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан шаазан болон 50 насны ойд нь зориулсан мөнгөн аяга, энгэрийн алтан цаг, сэлэм зэрэг үзмэрийг дэлгэжээ. 

 

Үзэсгэлэнг нээж Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар хэлэхдээ, “Энэ үзэсгэлэнгийн зорилго нь их түүхээрээ бахархах, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан анхны долоогийн нэг Х.Чойбалсангийн үйл амьдралыг олон түмэнд сурталчлах, эх оронч сэтгэлгээгээр хүмүүжихэд чухал нөлөө үзүүлнэ. Манай музейд нийт 286 үзмэр байдгаас өнөөдөр 44 үзмэрийг сонгон авч дэглэлээ” гэв.


Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, “Монгол Улсын нам төрийг 23 жил удирдсан төрийн зүтгэлтэн Чойбалсан бидний амьдралтай салшгүй холбоотой. Тусгаар тогтнол хөгжил цэцэглэлтийн төлөө харамгүй амьдралаа зориулсан түүнийг бид дурсахгүй байхын аргагүй билээ. Тэрбээр консулын бүлгэмийн байгууллагын анхны гишүүдийн нэг болж Үндэсний эрх чөлөөний тэмцэлд татагдан орж Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амьдралаа харамгүй зориулсан төрийн томоохон зүтгэлтэн байсан. Хувьсгалын ажил эрчимжиж журамт цэргийн ангийг үүсгэхэд Х.Чойбалсан намын суртлын номлогчийн үүргийг гүйцэтгэж, Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг харийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа үлдэн хөөх хэрэгт хүн бүрийн дэм чухал гэдгийг таниулахаар ажиллаж байсан” гэдгийг тодотгов.


Үзэсгэлэнгийн хүндэт зочин Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, “Миний өвөө маршал Хорлоогийн Чойбалсангийн тухай ховор үнэ цэнтэй гэрэл зураг, үзмэрүүдээс бүрдсэн үзэсгэлэн гаргаж байгаад зээ охиных нь хувьд маш их баяртай байна. Өвөөгийн минь намтар түүх Зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой. 1921 оны 3 дугаар сарын 18-ны түүхэн өдөр миний өвөө Хиагтын тулаанд Д.Сүхбаатар жанжны хамт Ардын журамт цэргийг удирдан ялалт байгуулсан” гэв.


Үзэсгэлэн өнөөдрөөс 4 дүгээр сарын 11-нийг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.

 

БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан 1895 онд одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбай хэмээх газар төржээ.

1921-1924 онд Бүх цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, 1939-1949 онд ГЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Х.Чойбалсан 1936 оны 2 дугаар сарын 21-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн 14 дүгээр хурлын тогтоолоор анх Маршал цолыг хүртсэн бөгөөд 1936 оны 4 дүгээр сард ДЯЯ-ны бие бүрэлдэхүүнийг цэргийн цолны дүрмийг боловсруулан Сайд нарын Зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж байжээ.

 

С.Анударь




Холбоотой мэдээ