Жанжин Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-18 17:27:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 100 жилийн ойн өдөр Монголын цэрэг, армийн гарамгай зүтгэлтэн, Халх голын залуу жанжин Жамьянгийн Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Цэцэг өргөх ёслолд жанжны хүү Л.Лхагва, охин Л.Лхагвадулам, үр хүүхдүүд, төрөл садан, ач зээ, хурандаа Б.Цолмон, Дорж сангийн тэргүүн Ц.Мянган нарын хамаатны хүмүүс оролцож, хүндэтгэл илэрхийлэв.

Бүх цэргийн жанжны орлогч, Батлан хамгаалахын сайд байсан хурандаа генерал Ж.Лхагвасүрэн агсны охин Л.Лхагвадулам хэлэхдээ, “Бид жил бүр аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Миний аав Батлан хамгаалах салбарт насаараа зүтгэсэн. 1959-1969 онд 10 жилийн хугацаанд сайдын албыг хашсан. 1956 онд армийг цомхотгоод 1959 онд дахин эмхэтгэх болоход аавыг яамны сайдаар томилсон түүхтэй.

Армийг дахин зохион байгуулах, шат ахиулж хөгжүүлэх нөр их ажлыг 1959-1969 онд гүйцэтгэж орчин үеийн мотобуудлагын арми болтол нь хөгжүүлсэн. Монгол Улс далайн цэргээс бусад бүх төрлийн цэрэгтэй болсон. Одооны зэвсэгт хүчин тэр үед тавьсан суурин дээр хөгжиж байна гэж хэлж болно" гэв. “Засаг төр тогтвортой байвал эх орон хөгжинө. Хоёр хөрштэйгөө найрамдалтай ажиллаж, амьдраасай гэж хүсэж байна” хэмээн мөн Жанжны хүү Л.Лхагваа хэлж байв.




Б.Сэлэнгэ

Холбоотой мэдээ