ОХУ-д хадгалж буй Монголтой холбоотой 2000 үзмэрээс дээжлэн дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-18 18:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей санаачлан “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээлээ.


Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ- дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа энэхүү үзэсгэлэнд 103 жилийн өмнө байгуулсан тус музейн сан хөмрөгт хадгалж байгаа Монголтой холбоотой 2000 орчим үзмэрээс уран зураг, график зураг, уран баримал, чимэглэл, хэрэглээний урлагийн 100 гаруй ховор бүтээлийг дээжлэн дэлгэжээ. Үүнээс ихэнх нь анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаа гэдгийг Оросын урлагийн академийн хүндэт гишүүн Татьяана Метакса, тус үзэсгэлэнгийн  зохион байгуулагч, Дорно дахины улсын музейн ажилтан, хатагтай Нонна Альфонсо нар онцлов.


Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа үзэсгэлэнгийн нээлтэд баяр хүргэж хэлсэн үгэндээ Монголын цаг цагийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлүүдийн өвийг нандигнан хадгалж, хоёр орны дипломат харилцааны 100 жилийн түүхт ойн жил нийтийн хүртээл болгож байгаа Дорно дахины улсын музейн хамт олонд талархал илэрхийлж, соён гэгээрүүлэх  үйлсэд нь амжилт хүслээ. 


Алдарт Занабазарын дэг сургуулиар урласан бурхдын баримал, Цагаан, ногоон Дарь эхээс өгсүүлээд 1940-1970-аад онд бүтээсэн Аугаа их орны дайны үеийн улс төрийн плакатууд, БНМАУ-ын сүлд бүхий чамин хийцийн хивс, Маршал Х.Чойбалсангийн цээж баримал, Монголын уран зургийн томоохон төлөөлөгчид Д.Маньбадар, Д.Дамдинсүрэн, У.Ядамсүрэн, А.Сэнгэцохио, Н.Чүлтэм, Д.Амгалан, Г.Одон, С.Нацагдорж нарын уран зургууд, уран барималч Н.Жамба нарын бүтээлийн дээжээс толилуулж байна. Энэхүү үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл нээлттэй байх аж. 


Ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан агсны  “Ээж ээ, сайн байна уу” зураг зэрэг алдартай бүтээлүүдийг Монголын төр, олон нийтийн байгууллагууд, уран бүтээлчид тухайн үед Дорно дахины улсын музейд бэлэглэснийг өнөөг хүртэл ариглан хадгалсаар, ийнхүү бие даасан үзэсгэлэн болгон нээлтээ хийлээ.

Холбоотой мэдээ