Б.Цэцээ: Бид хойч үедээ алтнаас илүү үнэтэй усыг үлдээх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-22 17:54:00

Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3-р сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд “Чандмань-Увс” ХХК-ийн захирал Б.Цэцээтэй цөөн хором ярилцлаа. Тус компани нь Улаангом сумын хэмжээнд 230 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон 2200 гаруй орон сууцны айл өрхийг хэрэглээний цэвэр усаар ханган ажиллаж байна.


-“Чандмань-Увс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?

-Манай байгууллага газрын гүнээс ус олборлох, түгээх, хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хоногт хэрэглээнээс гарсан бохир усны 90 орчим хувийг нь цэвэрлэдэг гэж үзвэл 1200 метр.куб усыг цэвэрлэдэг гэсэн үг. Нэгдүгээр өргөгч станцын дөрвөн худаг, Хоёрдугаар өргөгч станцын таван худаг, нийлээд хоногт 1300 метр.куб цэвэр усаар Улаангом хотыг хангаж байна. Мөн манай компанийн харьяа халуун усны хоёр газар, зургаан худаг гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усаар хангадаг.

Нийтдээ 230 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 2200 гаруй орон сууцны айл өрхийг цэвэр усаар ханган, усан хангамж ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхийн дээр инженерийн цэвэр усны 50,7 км урт шугам, бохир усны 21,6 км урт шугамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

-Энэ жилийн Дэлхийн усны өдрөөр ямар ажил төлөвлөсөн бэ?

-Дэлхий нийтээрээ жил бүрийн 3-р сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 1993 оны 3-р сарын 22-ны өдрийг НҮБ-аас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласнаас хойш эл өдөр цэвэр ус болон усан хангамжийн зохистой ашиглалт, нөөц бүрдүүлэх, иргэдийн ухамсар, хандлагыг өөрчлөх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Өмнөх жилүүдэд тодорхой хугацаанд усны үнэ цэн, ач холбогдлыг хүүхэд багачууд, насанд хүрэгчдэд танин мэдүүлэх зорилготой тэмцээн уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Харин энэ жилээс эхлэн зөвхөн тодорхой хугацааны нөлөөллийн ажил гэхээсээ илүү дараа жилийн усны өдрийг хүртэл жилийн туршид усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, зохистой ашиглалтыг сурталчлахад анхаарах нь чухал гэж үзсэн. Иймээс жилийн төлөвлөгөө гарган ажиллахыг зорьж байна.

-Иргэдэд усыг зохистой ашиглах, үнэ цэнийг нь илүү ойлгуулах шаардлага байх шиг?

-Бид усыг өдөр тутмын хэрэглээндээ тогтмол ашиглаж байна. Монгол Улсын хувьд цэвэр усны нөөц багатайд тооцогддог нь гол мөрнүүдийн 70 хувь нь гадагшаа улс орнуудын нуур цөөрөмд цутгадагтай холбоотой. Сүүлийн үед хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн зарим гол мөрөн, булаг шандны экосистемийн тэнцвэр алдагдах, ширгэх аюул нүүрлэж байна. Иймд цаашид усыг зохистой ашиглах, илүү хайрлан хамгаалахад хандлагаа өөрчлөх шаардлага бий. Ер нь бид усаар тэтгэгдэж амьдардаг. Хүний биеийн жингийн 70 орчим хувийг ус эзэлдэг, нэг хувийн усаа алдахад л ам цангадаг бол үүнээс дээш 10 хүртэлх хувийг алдвал эмнэлгийн тусламж шаардагдах хэмжээнд хүрдэг гэж үздэг. Одоо цагт ус бэлэн, элбэг байгаа учраас хүмүүс усны үнэ цэнийг төдийлөн мэдрэхгүй байна.

Хар ус харамлаад яах вэ гэж иргэд ярьдаг ч ирээдүй хойч үедээ алтнаас илүү усыг үлдээхийн тулд харамлахаас өөр аргагүй. Үүний тулд гар нүүр, аяга таваг угаах, ариун цэврийн өрөө, шүршүүрт орох гээд хүний амьдралын бүхий л хөдөлгөөн, үйл ажиллагаанд тохируулан усыг аривлан хэмнэлттэй ашиглах нь чухал. Тухайлбал жимс, хүнсний ногоо угаасан усаар цэцэг услах, цэвэрлэгээнд ашиглах бол усанд орж биеэ савандах бүрт шүршүүрээ хаах, амаа угаахдаа аяганд усаа хийж угаах зэргээр энгийн дадал хэвшилтэй болох хэрэгтэй.

Үүнээс гадна сантехникийн тоног төхөөрөмжүүдийг зохистой ашиглах хэрэгтэй. Гэмтэлтэй цоргоноос ус дусахад 7 хоногийн хугацаанд 90 литр ус, жилд 4600 литр ус алдагддаг гэсэн судалгаа бий. Ер нь усны зохистой ашиглалтын талаарх олон талт сурталчилгааг далайцтай явуулбал иргэдийн хандлага өөрчлөгдөх байх. Саяхан л гэхэд иргэд хогоо замбараагүй хаядаг байлаа. Гэтэл хог хаяхгүй байя, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалья гэсэн таниулга, суралчилгаа хийсний үр дүнд иргэд барагтай бол хогийг ил задгай хаяхаас эмээдэг болсон байна. Үүнтэй адил усыг зүй зохистой ашиглах талаар нөлөөллийн ажил зохион байгуулаад байвал эерэг өөрчлөлт гарах байх гэж бодож байна.

-Сар тутамд усны төлбөрийг хэрхэн тооцдог вэ? Үнэ цэнтэй атлаа өртөг нь хямд байгаад байна уу даа?

-Манай компани тоолуургүй айл өрхүүдэд нэг метр.куб усыг 460 төгрөгөөр, тоолууртай айл өрхөд нэг метр.куб усыг 420 төгрөгөөр тооцдог. Тоолууртай нэг өрх сард дунджаар 4-5 метр.куб ус буюу 2000 орчим төгрөгийн цэвэр ус хэрэглэж байна. Гэтэл тоолуургүй айл өрхүүдийн цэвэр усыг ам бүлийн тоогоор нь тооцож, нэг хүн хоногт хэрэглэх усыг 150 литр, сард 4500 литр ус буюу 4-5 метр.куб ус хэрэглэдэг гэж тооцдог. Тухайлбал гурван ам бүлтэй айл 13,5 метр куб ус хэрэглэнэ гэж тооцвол сард 6200 төгрөг төлнө. Энэ нь тоолууртай айл өрхтэй харьцуулбал усны зарцуулалт их, хэрэглээний төлбөр өндөр гарч байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулбал манай улсад усны үнэ харьцангуй хямд байна. Ус хямд байх тусмаа үнэгүйдэж, замбараагүй хэрэглээ нэмэгдэх хандлагатай байдаг. Усны тоолууржуулалтын ажлын хувьд Улаангом сумын аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн тоолууржсан бол орон сууцны айл өрхүүдийн 75 хувийг тоолууржсан. Үндсэндээ 500 гаруй айл өрх тоолууржуулаагүй байгаа.

Ирэх жилүүдэд иргэдийн орлогыг дэмжсэн, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тоолуургүй айлуудыг тоолууржуулах шаардлага бий. Нэг өрхийг тоолууржуулахад тоолуур болон суурилуулах төлбөр дунджаар 50 гаруй мянган төгрөг болно. Энэ зардлыг аймаг, орон нутгаас шийдвэл тоолуургүй айл өрхүүд усыг зөв, зохистой ашиглах, усны хэрэглээний зардал буурах боломжтой юм. Цэвэр усны төлбөрийг сар тутамд авдаг ч манай компанийн ашиг гэх юм бага. Учир нь айл өрхүүдийг цэвэр усаар хангахад манай компани нийт зардлынхаа 60 хувийг зарцуулдаг. Харин орон сууцны айл өрхүүдийн цэвэр усны төлбөрөөс орлогынхоо 20 хувийг бүрдүүлдэг. Иймд усны үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлага бий гэж харж байгаа.

-Энэ онд хийж хэрэгжүүлэх ажил юу байна?

-Би энэ байгууллагад 1987 онд ажиллаж байсан. Түүнээс хойш 30-аад жилийн дараа дахин ирж ажиллаж байна. Усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй боловч дулааны чиглэлээр олон жил ажиллалаа. Манай мэргэжлийн техник технологи өдрөөс өдөрт шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Ирэх 4-р сараас эхлэн ард иргэдэд цэвэрхэн тохилог халуун усаар үйлчлэхийн тулд хоёр халуун усны барилгад их засвар хийнэ.

Мөн 2-р өргөгч станцын ус олборлох гүний худгуудад ухаалаг тоолуур тавьж автоматжуулалтын системийг суурилуулах боломжийг судалж байна. Ингэснээр худгуудаас олборлож байгаа усны хэмжээг цаг минутаар тооцож гаргах, усны нөөцийн савны түвшинг автоматаар хянах боломж бүрдэх юм. Ер нь усны хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал 1986-2000 онд хоногийн усны хэрэглээ 300-500 метр.куб байсан бол 2000-2016 онд 500-1200 метр.куб, 2017 оноос одоог хүртэл 1200-1400 метр.куб болж өссөн байна.

Усны хэрэглээнээс гадна цэвэр усны аюулгүй байдал, баталгаатай усны хэрэглээг хангах нь чухал. Манай компани Усны шинжилгээний иж бүрэн лабораторийг ажиллуулж, нийт 10 төрлийн усны шинжилгээг хийдэг.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-2050 онд Ази, Африкийн 48 улсад 2 тэрбум гаруй хүн усны гачигдалд орно гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулах шаардлага бидний өмнө тулгараад байна. Цаашид гүний усны ашиглалтыг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох, төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг шинэчлэх, гадаргын ус ашиглах боломжийг судлах, ус ашиглалт, хамгаалалттай холбоотой асуудалд усны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах нь чухал. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, ажилтан албан хаагчид, одоо ажиллаж байгаа ажиллагсдад Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе. Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ усаа хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглахыг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ