Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 38,3 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-22 14:54:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3,1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 845.2 (38,3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696.2 (49,1 хувь) тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 125.4 (24,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 21.3 (8,2 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2.4 (11,3 хувь) тэрбум төгрөгөөр өсөв.


Нийт үйлдвэрлэл өнгөрсөн сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 107.3 (6,8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 58.3 (5,4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2021 оны хоёрдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 371.0 (56,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нүүрс олборлолт 142.3 (54,2 хувь) тэрбум, газрын тос олборлолт 62.8 (9,5 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 165.6 (44,8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, хүрэн нүүрс, алт, хайлуур жонш, чулуун нүүрс болон газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 4,8 хувиас 2,4 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, гурил, согтууруулах ундаа, шингэн сүү, самнасан ноолуур, малын мах, нүүрсэн шахмал түлш, баяжуулсан нүүрс болон амны хаалт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4,9 хувиас 5,0 дахин нэмэгдэв.


Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 1,3, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, шохой, ус, ундаа, жүүс, гар ариутгагч, ноолууран сүлжмэл эдлэл, металл бэлдэц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8,2-99,4 хувиар багасжээ.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 2 сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (86,8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.8 (2,5 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 1.8 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 1.0 (2,3 дахин) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 710.5 (3,2 дахин) тэрбум, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 91.3 (3,0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 70,6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Тэдгээрийн 2.6 их наяд төгрөг буюу 92,1 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 57,6 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 35,9 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 5,2 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1,3 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

 

Холбоотой мэдээ