Ургамал сумын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-24 12:02:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Ургамал суманд коронавирусний сэжигтэй тохиолдол гарч 72 цагийн хөл хорио тогтоогоод байна гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Ургамал сумын иргэн Улаанбаатар хотоос 3-р сарын 23-ны өдөр гурван хүний хамт суманд ирсэн. Энэ үед сумын эмнэлгээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 51 настай иргэн И-гийн хариу эерэг гарсан. Тухайн иргэнээс хоёр дахь удаа шинжилгээ авахад хариу дахин эерэг гарсан тул сумын эмнэлэгт тусгаарлаад байна. Харин хамт ирсэн гурван иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан ч хамт тусгаарласан. Сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан өвчтнүүдийг түр гэрт нь гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Дээрх дөрвөн иргэний PCR шинжилгээг 23-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгооны төв рүү явуулсан байгаа. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус суманд 72 цагийн тэг зогсолт хийгээд байна” гэв.

Ташрамд иргэн И нь малчин бөгөөд хөдөө гэр рүүгээ явах гэж байхад нь сумын Эрүүл мэндийн төвөөс шинжилгээ авсан байна. Сумын ЭМТ-өөс суманд ирж буй улаан бүсээс ирсэн иргэн бүрээс шинжилгээ авч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ