Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 600 гаруй хүнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-24 17:28:28

БАНГКОК. /Associated Press/. Мьянмарын цэргийн эрхтнүүд эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр баривчилсан 600 гаруй хүнийг лхагва гарагт суллажээ.  


“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар, нийтдээ 628 хүн суллагдсан бөгөөд тэдний дийлэнх нь гуравдугаар сарын эхээр хийсэн жагсаалд оролцсон оюутнууд байна.


Энэ нь “эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах гэсэн цэргийнхний эхний оролдлого” болохыг тус агентлаг онцолжээ.


Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт болж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Минг Аунг Хлайну хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг гартаа авч, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.


Цэргийн эрхтнүүд мөн Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, Гадаад хэргийн сайд, төрийн зөвлөх Аун Сан Су Жи, Ерөнхийлөгч Вин Мьин нар болон өндөр албан тушаалтнуудыг “2020 оны 11 дүгээр сард болсон сонгуулийг луйвардсан хэргээр” баривчилсан юм.


Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм. Мьянмар дахь улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр, цэргийн эрхтнүүд эрх мэдлийг булааж авснаас хойш 2600 гаруй хүн баривчлагдаж, 250 хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ