ТОМ АСУУЛТЫН ХАРИУ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-03-26 12:01:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Хүүхдэд зориулсан зохиол, ном хэвлэл, зураг зэрэг аливаа бүтээлийг туурвихаасаа өмнө “Хүүхэд яг юу сонирхдог вэ” гэж өөрөөсөө асууж үзсэн хүн ер нь хэд байдаг бол. Магадгүй, хүүхэд үүнийг нь сонирхдог гэсэн үүднээс дээрх зүйлсийг бүтээчихдэг хүмүүс дийлэнх хувийг эзлэх болов уу. Энэ нь мэдээж томчууд өөрсдийн үзэл бодлыг хүүхдэд шуудхан тулгачихаж байгаа хэрэг. Түүнийгээ дагаад ч олон асуудал үүсдэг. Харин тэдгээр асуудлыг эрхэм уран бүтээлчид соёлтой яриа, өнөөх л том хүний үзэл бодлоор шуудхан няцааж орхихоос өөр тоймтой хариулт хэлдэггүй нь олонтаа.


Саяхан “Монсудар” хэвлэлийн газрын дэргэдэх хүүхдийн номын “Жангар” редакциас хүүхдэд зориулсан “Том асуулт” нэртэй зурагт номын үзэсгэлэн, уран бүтээлчдийн яриа, воркшоп зэргийг 21 хоногийн турш зохион байгуулсан юм. Үүнд “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнх, Б.Гантулга, Э.Базаррагчаа нарын хүүхдийн номын зургууд дэлгэгдэж олны хүртээл болсон билээ. Тэд сүүлийн найман жилийн турш хүүхдийн ном зохиол, зурагт номын ажилд идэвхийлэн оролцжээ. Энэ хугацаанд зурагт ном бүтээх нарийн туршлагатай зураачид ч Монголд шинээр төрөн гарав. Ийнхүү дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн хэдий ч үзэсгэлэнгээ гаргаж, хүүхэд гэлтгүй томчууд ч үзэж сонирхов. Уран бүтээлчид дайн самуун, цар тахал, байгалийн гамшиг зэрэг ямарч нөхцөлд бүтээлээ үйлдвэрлэсээр ирсний нэгээхэн жишээ нь энэ. Хүүхдийн номын зургийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Мөнхүү зурагт ном манайд өмнө нь төдийлөн хөгжиж байгаагүй төрөл зүйлийн нэг. Хамгийн гол нь “Том асуулт” гэдэг нэр ихэд анхаарал татаж байлаа. Хариулт нь яг энэ гурван цэгний араас хөвөрнө...


II.

УЛАМЖЛАЛТ СОЁЛ БА ХҮҮХЭД


Хүн хийж байгаа ажлаа эхлээд сайн ойлгох нь чухал. Үүнээс үүдэлтэйгээр ном сурах бичиг, хүүхдийн бүтээл туурвихад уламжлалт ёс заншил, өв соёлын тухай асуудал зайлшгүй хөндөгдөж таарна. Өдгөө аль ч нөхцөлд бид уламжлалаас хэт хөндийрч буй талаар дор бүрнээ ярьдаг болсон. Гэтэл хотжилт, техник технологийн хөгжил, орчин ахуйгаас хамаараад иргэншил дагасан нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр. Үгүй бол уламжлал руу хэт туйлширч хандах дээрээ тулбал хэдэн арван жилээр улс орны хөгжил ухрах хэмжээнд очно. Энэ нь уламжлалыг үгүйсгэж байгаа хэрэг бус. Гол нь уламжлал гэж юу вэ? Яг өнөөдөр хүүхдүүдэд ном соёлоор дамжуулан ямар уламжлалыг түгээх хэрэгтэй бол гэдэг дээр анхаарч ажиллах нь зүй ёсных юм. Тиймээс уулзаж ярилцсан хүмүүсийнхээ хэлсэн үгнээс жишээ татаж үзье л дээ.




-Нийтлэл доторх яриа-


Р.Энхбат: “1990-ээд оноос хойших түүхийг эргэн харъя. Үнэндээ социализмаас өмнөх үеийн түүх, ёс заншил алга болоод уджээ. Байхгүй учраас бидэнд олон зүйл үгүйлэгдэж байна. Учир нь социализм бүх зүйлийг устгачихсан юм. Гэхдээ би муухай гэж хэлээгүй. Энэ орныг бүтээхийн тулд зарим зүйлийг устгах хэрэгтэй болсон ч юм билүү. Хүнээрээ байхын тулд бид социализмаас өмнөх цаг үеийн алдагдсан ёс заншил, өв соёлоос сайн сайхан, хэрэгтэйг нь тээж авчрах ёстой. Ингэж байж орчин үед хэрэглэж болох уламжлалын үнэт зүйлсийг үр хүүхдүүддээ өвлүүлж өгөх болно”. |“Монсудар” хэвлэлийн газрын ерөнхий захирал|


Б.Чанагнянгар: “Өнөөдөр нийгэм цаг үеэ дагаад ч тэр юм уу орчин үеийн хүүхдүүд, эртний уламжлалт сонгодог зохиолуудаас ихээхэн хөндийрөх болсон. Ийм нөхцөлд хүүхдүүд тэр бүрчлэн сонирхоод байхгүй, үйл явдал нь эртний цаг үед өрнөдөг бүтээлийг яаж хадгалж авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн хэрэг л дээ. Гол нь тэнд монголчуудын оюун сэтгэлгээний цар хүрээ, өв уламжлалын асар олон зүйлс хадгалагдаж үлдсэн байдаг. Тиймээс эдгээр зохиолуудыг хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хэл найруулгатай болгож, шинэчлэсэн хувилбараар гаргах зайлшгүй шаардлага тулгарсан. Нөгөөтэйгүүр жишээ нь “Гэсэр” туулийг өсвөр насандаа уншсан хүүхэд том болоод сонгомол эхээр нь олж унших хүсэлтэй болно. Тэр утгаар нэг ёсондоо хойшид сонгомол эхээр нь унших гүүр болж өгч байгаа хэрэг л дээ”. |“Жангар” редакцийн редактор|


Б.Төрмөнх: “Цагийн уртад гээгдэж үлдсэн олон ёс заншил бий. Эдгээрийг бид үлгэр юм уу, туульсийн номоос олж нээж чадах уу? Ямартаа ч ардчилал үүсч өөр соёлын давалгаанд шилжихэд олон зүйлс гээгдсэн байж таарна. Тэгэхээр бидэнд яг одоогийн орчин нөхцөлд хэрэглэж болох өв уламжлал хэрэгтэй. Энэ заавал өдөр тутмын ажлын шаардлага нөхцөлд зориулагдсан зүйлс биш. Угаас уламжлалт ёс заншлыг хүн бүр цаг мөч тутамд хэрэглээд байдаггүй. Гол нь өөрсдийгөө эргүүлэн олж авахад, монгол хүн хэвээрээ үлдэхэд л уламжлалт соёл шаардлагатай байгаа юм. Гэтэл Ерөнхий сайдийн санаачлаад буй шиг “Алсын хараа 2050” дотор эдгээрийг багтаана гэдэг бол надад удаан санагдаж байна. Дахин 49 жил өнгөрөхөд шинэ уламжлал, ёс жаягтай болчихсон байхыг үгүйсгэхгүй. Энэ л үүднээс манай “Жангар” редакцийн хамт олон орчин цагийн хүүхдүүд хэрэглэж болохуйц, ойлгохуйцаар тэдний хэв шинжид таарах монгол үлгэр, туульс зэргийг зурагт ном болгож уншигчдад хүргээд байгаа юм”. |“Жангар” редакцийн зураач|


Нэг өгүүлбэрээр дүгнэхэд уламжлалт ёс заншил нь өнгөрсөн цагийн аж төрөх арга хэлбэр. Харин тэдгээрээс гол цөмийг нь сэтгүүрдэж аван өнөөдрийн нийгмийн амьдралд гүн бат холбож ойлгох нь чухал. Иймд “Жангар”, “Гэсэр” зэрэг томоохон туульс, “Монголын нууц товчоо”, монгол ардын үлгэрүүд зэрэг уламжлалт зан заншлын арга хэлбэрүүд хадгалагдаж үлдсэн соёлын үнэт зүйлсэд эргэн анхаарал хандуулах цаг нь болжээ. Гэхдээ орчин цагийн хүүхдүүд тухайн үеийн хүнд хэл найруулга, агуулга бүхий зохиолуудыг төдийлөн сайн ойлгох нь ховор учир шинэчлэн бүтээх шаардлага гарч ирсэн хэрэг. Үүнийг харин “Жангар” редакцийн хамт олон гүйцэтгэж байна.


Боловсролын системд дан ганц багш нар үүрэг гүйцэтгэхээс гадна эцэг эхчүүдийн оролцоо мөн чухал. Ялангуяа цар тахал үүсэн нөхцөл байдлын үүднээс авч үзэхэд танхимын хичээл тасалдаад удлаа. Иймээс дээр дурдсан номууд уламжлалт ёсны арга хэлбэрийн утга учрыг таньж, хүүхдүүдэд эергээр ойлгож хэрэглэхэд тун чухал ач холбогдолтой. Үүнээс бус хаа хамаагүй номоос ёс заншлын тухай цээжилснээ хүүхдэд номлоод байх нь шударга бус юм. Учир тухайн хүн өөрөө л хүүхдэдээ “лаг” болж харагдах гэж буйгаас ялгаагүй. Тиймдээ ч энэ нь зөв боловсрол, мэдлэг олгож байгаа үйл хэрэг биш болов уу хэмээн сэтгэнэ.


Жишээ нь, “Монголын нууц товчоо”-нд Тэмүүжин, Боорчи нарын андлалын тухай өгүүлдэг. Мэдээж өдгөө цагт эд өлгийн зүйлс солилцож, хээр талд сөхөрч суугаад анд барилцах ёс үгүй. Угтаа иргэншлийн энэ зуунд таарах хэлбэр бус. Гэвч нөхөрлөл гэдэг зүйл нийгмийн хүрээлэл дунд устаад үгүй болчихоогүй. Тиймээс бидэнд суралцах ёстой зүйлс байгаа юм. Харин үүнийг өнөө цагийн үнэлэмжид тааруулж шинэчлэн найруулах шаардлагатай. Тэгснээр тухайн номыг уншиж нөхөрлөлийн үнэ цэнийг илүүтэй ойлгох боломжийг үр хүүхдэдээ бид олгоно. Энэ мэтчилэн ор үндэсгүйгээр бахархах, хэлбэрдлээс зайлсхийсэн уламжлалт ёсны арга хэлбэрийг номоор дамжуулан хүргэж байгаа хэрэг. Тухайн цаг үед байсан хүн хоорондын харилцааны хэлбэр нь үгүй болсноос бус мөн чанар нь өөрчлөгдөөгүй юм шүү дээ.


Уламжлал ёс заншил бол бахархал, шүтлэг төдий зүйлс бус юм. Хүмүүс шашнаас зөвхөн ид шид хүсдэг шигээр өв соёлдоо хандаж болохгүй. Арван жилийн багш нар оньсого таалгаж, зүйр цэцэн үгс цээжээр уншуулж, шагай харвуулах төдийхнөөр хичээл заадаг нь хүүхдэд ор үндэсгүй номлол уншиж байгаагаас ялгаагүй. Тухайн хүн өөрийн уламжлалт зан заншил, өв соёлтой ийнхүү ёс журамгүй, увайгүй байдлаар харьцах нь тун хортой билээ.

III.

ЗУРАГТ НОМ БА ХҮҮХЭД





Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ.


Харин сургуулийн дунд ангиллаас доош насны буюу бичиг үсэг сонирхож эхлэх үед нь хүүхдэд сонгодог уран зохиолын ном бариулаад суулгачихаж болохгүй нь мэдээж. Гэвч хүүхдэд өгөөж ихтэй боловч хэт нуршуу, бага насанд тохиромжгүй үйл явдлууд ихээр гардаг сонгодог зохиолууд бий. Мөнхүү улс орон болгоны ёс заншил, соёлыг шингээсэн язгуурын асар том, баялаг бүтээлийг томчууд л унших ёстой гэсэн бодлоор “хүүхдэд өгөөжтэй” хэсгийг нь мартаад орхичихож болохгүй. Учир нь тэдгээр үлгэрийн шинжтэй сонгодог зохиолуудад хүүхдэд хэрэгтэй ёс зүйн үзэл санаа агуулагдсан байдаг. 


-Нийтлэл доторх яриа-


Б.Төрмөнх: “Миний хүү 4 настай. Тааруухан үлгэр уншвал шуудхан босоод л явчихна. Тааруухан зураг байвал шууд л үнэнийг хэлнэ. Ёстой нөгөө Андерсоны үлгэрт гардаг шиг “Хараач! Хаан нүцгэн байна” гэж хашгирдаг нөхөр шиг хүн дээ. Би нэг удаа “Манжингийн үлгэр”-ийг зурагт ном болгон зурж байсан юм. Тэгсэн яахав дээ номоо гоё л болгочих бодолтой ажиллана шүү дээ. Гэтэл нэг зай гарчихаад байхаар болжмор нэмээд зурчихсан юм. Ингээд манжингаа өвөө, эмээ, ач охин, муур, хулгана татаад гарчихлаа. Тэгсэн чинь манай хүү “Аав аа нөгөө болжмор яасан бэ?” гэж асуудаг байгаа. Би үнэхээр гайхсан. Тэр болжмор номонд орсон л бол үйл явдалд оролцох ёстой гэдгийг хүүхэд ойлгочихсон байгаа юм. Би болохоор хөөрхөн баялаг зураг л гэж бодож байлаа шүү дээ”.  |“Жангар” редакцийн зураач|


Б.Чанагнянгар:Хүүхэд их сониуч. Томчуул зарим зүйлсийг “хэрэгцээгүй” гэж боддог бол хүүхдэд бүр өчүүхэн жижиг зүйлс ч сонирхолтой байдаг байна. Тэд гашуун эмнээс илүү чихэрт дуртай байдаг шигээ бичвэрээс илүүтэйгээр номын зурагт татагдах нь мэдээж хэрэг. Гэхдээ хүүхдийн номын зурагт тухайн зүйлсийг байгаагаар нь биш өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийн дагуу л буулгах хэрэгтэй гэж боддог”. |“Жангар” редакцийн редактор|


Б.Гантулга: “Монгол ардын үлгэр “Эрхий мэргэн”-ийг бид мэднэ. Түүн дээр харваж чадаагүй үлдсэн нарыг “Улбар ягаан туяа татуулан уулсын цаагуур шингэжээ” хэмээн бичсэн нь бий. Манай хүүхэд үүнийг уншчихаад “Улбар ягаан туяа татуулан шингэнэ” гэж юу гэсэн үг вэ? гэж асууж байсан. Нэг орой хамт явж байгаад нар шингэхийг хараад “Өө, яг л ном дээр бичсэнтэй адилхан харагдаж байна” гэж билээ. Үүнээс харахад хэрвээ үүнийг уншаагүй бол тэр агшны гоёмсог зураглалыг манай хүүхэд мэдэхгүй өнгөрөх байжээ гэж бодогдсон” |“Жангар” редакцийн зураач|


Үүнээс үзэхэд хүүхдэд зөвхөн ногоон навчтай модны зураг хангалтгүй. Ван Гог, Маттисын зургууд бий. Навч нь цэнхэр, шар олон өнгөтэй байдаг. Мэдээж сарны гэрэл тусахад навч цэнхэр өнгөтэй болоод хувирчих нь бий. Яг үүнтэй адил томчууд өөрсдийн мэдрэмжийг хүүхдэд тулгах нь буруу. Ялангуяа багаас нь том бүлтгэр нүдтэй хүүхэлдэйнүүд гардаг контент үзүүлээд байвал яг л өнөөх зүйлсдээ дурлах болно. Тиймээс зурагт номын агуулга бүр нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстойг бодолцож үзэх нь чухал ажээ.

 

VI.

ЭЦЭСТ НЬ




Гадаадын орнуудад хүүхдийн хүмүүжил, боловсрол нь нь эцэг эх, багш, төр засаг гэдэг гурван хүчин зүйлээс хамаардаг. Харин манай оронд хүүхэд буруу хүмүүжилтэй, ёс суртахуунгүй байвал эцэг, эхийг нь л буруутгадаг. Үнэн хэрэг дээрээ дийлэнх монгол эцэг эхчүүд “Хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй, тэдэнд юугаа ч зориулахад бэлэн” гэсэн хандлага, маш их хүч энергитэй байдаг. Гэтэл яг юуг зориулахаа, ямар ном уншиж өгөхөө мэддэггүй. Тиймээс “Хүүхдээ яавал дээр вэ” гэсэн асуултанд төөрч будилж гүйцдэг. Үүнд нь Төр засаг нь ч тэр, багш нар нь ч тэр тоймтой хариулж чаддаггүй. Учир нь хүүхдийн төлөө за гэж худлаа хэлэхээ больцгооё гээд хашгирмаар хандлага ихээхэн ажиглагддаг. Төр засагт суурилсан тодорхой зөв бодлого, боловсрол олгох систем нь доголдолтой учраас хүүхэд буруу хүн болж өсвөл эцэстээ хүүхдээ хүмүүжүүлээгүй эцэг эхийн буруу болж байна. Өнөөх яриад байдаг жинхэнэ иргэншиж чадаагүйн асуудал нь энэ юм.


Дэлхийн улс орнууд соёлоо нийгмийн цаг үе болгонд хөгжүүлж, шинэчилж ирсэн байдаг. Энэ нь өв соёлынхоо гүнд шингэсэн үнэт зүйлүүдээ бодитой хэрэглэж байгаагийн илрэл юм. Монголчуудын хувьд ч гэсэн соёлын арвин их өв сантай. Гэвч түүнийгээ хэрэглэх, шинэчлэх тал дээр төдийлөн анхаарч ажилладаггүй. Харин ч эсрэгээр яг тэр хэвээр нь хадгалах сонирхолтой байдаг. Түүний үр дүн бол одоогийн бидэнд байгаа ардын аман зохиолууд, тууль болон “Монголын нууц товчоо” зэрэг бүтээл юм. Гэтэл эцэг эхчүүд “Хүүхдэдээ ямар ном уншуулбал дээр вэ” гэсэн асуултыг хамгийн их тавьдаг. Харин үүндээ бүрэн дүүрэн хариулт авч чаддаг нь ховор. Тиймдээ ч “Том асуулт” үзэсгэлэнгээр дамжуулан “Жангар” редакцийн хамт олон бүрэн дүүрэн бус ч гэлээ тодорхой ойлголт бий болгох хүрээнд “дүүрэн” хариулт өгч чадсанд итгэлтэй байна. Тэр хариулт нь уншигчдын гарт хэдийнэ хүрээд буй “Гэсэр”, “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр” зэрэг зурагт номууд юм.


Оюун сэтгэхүйгээ шороотой хутгаад хогийн сав руу шидчихсэн мэт дур дураараа аашлах болсон энэ нийгэмд хувь хүн бүр нэг амсхийгээд “Хүүхэд маань тийм хүн болох ёстой” гэлгүйгээр “Юуг хүсэж мөрөөдөж, сонирхдог бол. Ямар ном уншуулвал агуулгыг нь сайтар ойлгож, хэрхэн хүн болж төлөвших вэ” гэсэн асуултыг дотор хүнээсээ дахин нэг шалгаагаад үзээрэй!

Холбоотой мэдээ