Монгол, Эмиратын дипломат харилцааны 25 жилийн ой тохионо

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 18:20:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Элчин сайд Абдуллах Аль Тинижиг хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, 2021 онд тохиох  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх, Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээх зэрэг чухал ажил хүлээгдэж байгааг дурдав.


Элчин сайд Абдуллах Аль Тинижи, АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъянаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баяр хүргэсэн захидлыг гардуулж,  монголын тал "Дубай Экспо"-д оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.



Мөн талууд КОВИД-19 цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг АНЭУ иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай авч хэрэгжүүлж байгаад баяр хүргээд, тус улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл тусламжаар өгсөнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ