Ил задгай кабель, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-29 14:15:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар авто зам, сургууль, орон сууц, гэр хорооллын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай кабель, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах, өнгө үзэмжгүй, эвдэрсэн самбарыг цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.


Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 35, эх загвар зураггүй 33, барилгын ажлын зөвшөөрөлгүй 48 буюу нийт 116 барилгыг зөрчлийн хэлбэрээр нь ангилан, зөрчлийн арга хэмжээ тооцсон аж.


Түүнчлэн, энэ сарын 22-27-нд нийслэлд ил задгай, цасан доор дарагдсан болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог хаягдлыг цэвэрлэсныг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. 


Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул, Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтыг сайжруулах үүрэг өгөв.

Хэдийгээр иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүхийг Хотын дарга уриаллаа.

Холбоотой мэдээ