Нийгмийн халамжийн сангийн орлого 2,2 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-30 10:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангийн орлого энэ оны эхний хоёр сард 373.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 206.5 (2,2 дахин) тэрбум, зарлага 214.7 (2,5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийгмийн халамжийн сангаас оны эхний 2 сард 2,1 (давхардсан тоогоор) сая хүнд 353.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч 95.0 (4,6 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 215.1 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288.0 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянга, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.


Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 59.1 (5,2 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 196.1 тэрбум (5,4 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 2 сард 52.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 236 (0,4 хувь) хүнээр багасаж, олгосон тэтгэврийн хэмжээ 11.9 (59,9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 66,5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26,8 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6,5 хувь нь ахмад настан, 0,2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний 2 сард 64,4 мянган хүн хамрагдсаны 81,0 хувь нь асаргааны тэтгэмж, 19,0 хувь нь онцгой тохиолдол болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авчээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид дээрх хугацаанд 16,3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.3 (25,0 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 240.4 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний 2 сард олгожээ.

Холбоотой мэдээ