Тусгаарлах байрны хугацааг 7 хоног болгож багасгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар, тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах хугацааг долоо хоног болгож багасгасан тухай ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, тусгаарлалтад орсноос хойш 72 цагийн дараа анхны шинжилгээг авч, 5-6 дахь хоногт давтан шинжилгээг авснаар сөрөг хариу гарсан тохиолдолд долоо дахь өдрөөс нь тусгаарлалтаас гаргах юм байна. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, "Тусгай нислэгээр ирж байгаа иргэд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа. Хамар, залгиурт вирус үржиж, оношлогдох хамгийн боломжтой хугацаа нь 5-6 дахь хоног байгаа юм. Тиймээс дээрх хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан" хэмээв.