Хороог бие даан хөгжүүлэх боломжийг хуулийн төсөлд тусгах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-01 14:03:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага,  иргэд, аж ахуй нэгжээс санал авах хэлэлцүүлэг үргэлжилж байна.


Хуулийн төслийг СХД-ийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 7 бүлэг, 46 зүйлтэй. Төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, хоёрдугаар бүлэгт Улаанбаатар хотын хувьд төрийн дээд байгууллагатай харилцах эрх зүйн үндсийг тусгасан байна.


Мөн гуравдугаар бүлэгт нийслэлийн тусгай, нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдэх чадвартай байх, зургадугаар бүлэгт дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгажээ.


Хэлэлцүүлгийн үеэр СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Л.Бямбадорж хороо нь нийслэлийн үйл ажиллагааны харилцаанд тодорхой эрх хэмжээг хариуцах, хорооны нийгэм, эдийн засгийн бие даасан байдал, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг дэмжих, бие даан хөгжүүлэх боломжийг хуулийн төсөлд оруулах саналаа илэрхийлэв.


Төлөөлөгч Д.Баярсайхан “Дүүрэг, хорооны статусыг аймаг, сум, багийн статусаас салгах нь зүйтэй. 21 000 хүнтэй хороог 1000 хүнтэй багтай харьцуулж байна. Иймээс хорооны статусыг тодорхой болгох хэрэгтэй хэмээв.


Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн ИТХ, иргэдээс санал авах хэлэлцүүлэг хийхэд 43 хорооны 1411 иргэн оролцож, давхардсан тоогоор 57 санал гаргажээ. 

Холбоотой мэдээ