Монгол, Вьетнамын харилцааг сайжруулах таван зорилт дэвшүүлжээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-04-01 17:18:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь уламжлалт түнш болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг онцолж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын болон бусад бүхий л салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.


Элчин сайд Зоан Хань Дам Монгол Улсад ажиллах хугацаандаа улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж худалдааг харилцан нэмэгдүүлэх, соёлын солилцоо, аялал жуулчлалыг дэмжин тээвэр, агаарын харилцааг хөгжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх гэсэн таван үндсэн зорилт дэвшүүлж буйгаа танилцуулав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайдын дэвшүүлж буй таван зорилт нь Монгол, Вьетнамын харилцааг урагшлуулахад нэн шаардлагатай, оновчтой чиглэлүүд тул бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ