Дэлхийн биржүүд дээр хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-02 15:44:34

ТОКИО. /Nikkei/. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хувьцааны нийт үнэ 3 дугаар сарын сүүлчээр түүхэн дээд хэмжээнд буюу 106 их наяд ам.долларт хүрчээ.


Сүүлийн нэг жилийн хугацаанд хувьцааны үнэ ойролцоогоор 60 пунктээр өссөн тухай мэдээллийг шинжээчдийн тооцоолол дээр үндэслэн гаргасан байна.


Дэлхийн хэмжээнд хувьцааны үнэ ийнхүү өссөн нь цар тахлыг даван туулж, дэлхийн эдийн засгийг сэргээж буй нөхцөлд ашиг орлого нэмэгдэнэ гэсэн итгэл найдвар хөрөнгө оруулагчдад төрж буйтай холбоотой юм.


Nikkei” сонины мэдээлснээр, нийт хувьцааны үнэ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг даваад байгаа аж. Ингэснээр зах зээлийн хэт халалт үүсэх нөхцөл бүрдэнэ гэж шинжээчид болгоомжилж байна.


Нийт 106 их наяд ам.долларын хувьцааны үнийн 45 их наяд ам.долларыг АНУ-ын хөрөнгийн биржүүд дээрх хувьцаа эзэлж байна. Тус улсад санхүүгийн бодлогыг зөөлрүүлэх нөлөөн дор хувьцааны үнэ өнгөрсөн сарын эцсээр 70 орчим пунктээр өсжээ. Түүнчлэн цар тахлын үед эдийн засгийг сэргээхэд чиглэсэн томоохон төсөв ийнхүү өсөхөд нь нөлөөлжээ.

Холбоотой мэдээ