В.Путин Барак Обаматай "илэн далангүй" ярилцсанаа сэтгүүлчидтэй хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-09-29 22:22:50

 Нью-Йорк хотноо НҮБ-ын  Төв байрны АНУ-ын давхарт  болсон  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын  уулзалт хоёр цаг шахам үргэлжилжээ.

 В.Путин уулзалтын  дараа хэвлэлийнхэнтэй  уулзахдаа, Обаматай хийсэн  яриа хэлэлцээ   бүтээлч, илэн далангүй болсон гээд  хаалттай хаалганы цаана юун тухай ярьсныг товч танилцуулжээ.

“Харамсалтай нь, өнөөдөр  Орос, Америкийн хоорондын  харилцаа нэлээд доогуур түвшинд байна. Энэ бол манай санаачилга биш” гэж тэрбээр хэлэв. Энэ нь хоёр талын болон олон улсын харилцаанд муугаар нөлөөлнө. Орос  улс  харилцаагаа  сэргээн, хөгжүүлэхэд бэлэн  байна. Гэвч өнөөгийн энэ байдал  АНУ-ын байр суурийн үр дүн мөн гэж тэр дурджээ.

 Хориг арга хэмжээг  Путин  үр ашиггүй арга хэмжээ хэмээн нэрлэжээ. Хоёр ерөнхийлөгч Сирийн болон  Украйны сэдвийг хөндсөн байна. Украйны байдлыг зохицуулахад Вашингтон “хангалттай идэвхтэй оролцож байгаа“ болохоор  АНУ-ын оролцоог өргөжүүлэх асуудлыг төлөвлөөгүй гэж  тэрээр ярив. Киевийн эрх баригчдын  ард  АНУ тодорхой хэмжээгээр зогсч байгаа, гэсэн хэдий  ч Москва Вашингтонтой Украйны асуудлаар “сайн, ажил хэрэгч холбоо тогтоосон“ гэв.  В.Путиныг индрээс үг хэлж байхад Украйны ерөнхийлөгч  Петр Порошенко хурлын танхимаас гарч явсныг тэрээр анзаараагүй гэжээ. Мөн түүнийг үг хэлж байхад  бүгд байлцах нь түүнд огт  чухал биш, тэр ерөөс  улс төрд хувь хүн рүү орохгүй байхыг хичээдэг гэдгээ ч онцлов.

Сэтгүүлчдийн тавьсан дийлэнхи асуудал Сирийн асуудлаар оросын баримталж буй стратегийн тухай байв. Орос улс оролцох янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байгаа . Гэвч цэргийн ажиллагааг зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр юм уу,  Сирийн эрх баригчдын хүсэлтээр  явуулах боломжтой. Ингэхдээ байлдааны ажиллагааг бүр мөсөн  хориглосон.  “Газар дээрх цэргийн аливаа  ажиллагааны тухай яригдаагүй, яригдах ч боломжгүй “гэж Путин хэлжээ.

Орос улсын төрийн тэргүүн  АНУ-ын ерөнхийөгч Барак Обама, Францын ерөнхийлөгч Франсуа Олландын Сирийн ерөнхийлөгч Башар Асадын тухай хурц  ярьсныг  тайлбарлав.

Эхнийх нь Башар Асадыг дарангуйлагч, дараагийнх нь алуурчин гэж нэрлэснийг ч хэлээд авад. "Сирийн хувь заяаг түүний ард түмэн шийдэх ёстой. Орос улс тус улсад улстөрийн шинэчлэл явуулахыг шаардсаар байх болно“ гэж тэрээр хэлэв.

Путин , Обама хоёрын уулзалт яриаг сэтгүүлчид төдийгүй дэлхийн улс орны тэргүүн нар түгшин хүлээж байлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа энэхүү  уулзалтад их найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Орос,  Америк хоёр тохиролцоонд  хүрч чадвал  энэ нь хүчтэй сэтлэлт байх болно“ гэжээ. Бан Ги Мун  Путинд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал дээр Обаматай хамтран “боломжгүй юм гэж үгүй" гэдгийг харуулсны адил дахин хамтран ажиллахыг уриалжээ.  Путин АНУ-тай  төдийгүй Арабын бусад орнуудтай, Турк улстай терроризмын эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрээр сэтгүүлчдэд Турк, Иордан болон  тус бүс нутгийн  бусад орнууд терроризмын эсрэг эвслийн чадавхитай тэмцэгчид гэж үзэж буйгаа тэмдэглэжээ.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд