Нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-06 15:55:12

Завхан/МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг сургалтад хамруулжээ.

-“Хомын Талын Тахь ТББ-аас байгаль орчныг хамгаалах, баялгийг нь зохистой ашиглах зорилгоор байгалийн нөөцийн хамтын менежмент болон нутгийн иргэдэд түшиглэсэн хамгааллын ажлыг хийж байна.

Энэ ажлын хүрээнд анх 2018 онд  Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багийн малчин өрхүүдийн дунд дөрвөн нөхөрлөл байгуулж байсан. Манай ТББ-аас эдгээр нөхөрлөлүүдийн дунд засаглалыг бэхжүүлэх сургалтыг 2019 онд явуулж байсан.

Харин 2020 онд нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр нөхөрлөлийн гишүүдийг амжилттай сургасан юм. Дээрх сургалтуудыг нөхөрлөл тус бүрээр хэсэгчлэн зохион байгуулж, жил бүр нутгийн иргэдийн дөрвөн нөхөрлөлийн бүх гишүүн идэвхтэй хамрагдаж байна. Жил бүр нөхөрлөлийн гишүүдийн идэвх, чадвар сайжирсан. Гишүүд өнгөрсөн онд нөхөрлөлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж дүгнэхээс гадна менежментийн төлөвлөгөө, ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө хамтдаа боловсруулдаг болсон. Энэ хугацаанд нөхөрлөлүүд байгалиа хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах олон ажил хийжээ. Тухайлбал, давс олборлодог газрын орчныг цэвэрлэж нутгийн иргэдэд болон явуулын хүмүүст байгальд хогоо хаяхгүй байхыг уриалдаг, үлгэрлэдэг болсон. Мөн Улаанбураа дахь хариуцсан талбайгаас чацаргана түүж сумынхаа үйлдвэрт нийлүүлдэг болжээ. Түүнчлэн чацарганын шугуйд цэвэрлэгээ сийрэгжүүлэлтийг байнга хийдэг байна. Дээрх нөхөрлөлүүдэд хариуцсан талбайгаас хураасан чацарганаа “Хомын Талын Чацаргана” ХХК-д шууд нийлүүлэх боломж бүрдүүлж өгснөөр талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч байна. Энэ жил манай ТББ-аас нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр нөхөрлөлүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж буй бөгөөд нөхөрлөлүүд ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байгаа.

Мөн нөхөрлөлүүдийг чадавхжуулах олон чиглэлт сургалтыг тасралтгүй явуулахын зэрэгцээ дотооддоо нөхөрлөлийн сайн туршлагыг судлуулах. Танилцах аялал зохион байгуулах, шилдэг туршлагыг нэвтрүүлэх. Нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг нутгийн удирдлагатай холбож хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөж байна” гэж "Хомын Талын Тахь" ТББ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ