Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 85 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-06 14:46:11

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 85 болсон ба ойрын хавьтлын 875, дам хавьтлын 2110 иргэн бүртгэгдээд байна. 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрийн 08:00 цагт нийт 318 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж, нийт 85 болсон байна.  

Тодруулбал, “Мөнгөн морьт” эмнэлэгт ажилтай, халдвар авсан нэг иргэний гэр бүлийн таван гишүүн (тусгаарлалтад байсан), Зэрэг суманд зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагч нэг хүн, сайн дурын шинжилгээнд хамрагдсан “Эсба-80” айлын орон сууцанд оршин суугч нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Бусад 11 иргэнийг хүүхдийн 50 ортой шинэ эмнэлэгт ор дэлгэн “Тусгаарлах эмнэлэг-2”-т зөөвөрлөн эмчилж байгаа аж.

Одоогоор хоёр өвчтөний биеийн байдал хүнд, дөрвөн хүн хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 68 иргэн тусгаарлан ажиглах байранд, 324 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын хавьтлын 875, дам хавьтлын 2110 иргэн бүртгэгдээд байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ