Залуу малчин Г.Мөнх-Эрдэнэ ижил сүргээсээ төөрсөн янгирын ишиг тэжээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-09 16:17:01

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн залуу малчин Г.Мөнх-Эрдэнийн саалийн ямааг даган нэг янгирын ишиг гүйж иржээ.

Ижил сүргээсээ төөрсөн янгирын ишгийг ямаа хөхүүлэн тэжээж байгаа бөгөөд одоо 2-3 өдөр болж байна. Малын хашаанд ишигнүүдтэй тоглож, бэлчээрлэж байгаа гэж тус малчны гэргий Б.Наранчимэг хэллээ.

Харин малчин Г.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: Тус янгирын ишиг анх малчны хотонд ирэхдээ эхээс гараад нэг хоносон бололтой байсан. Манай нутаг уулархаг бүс учраас зэрлэг ан амьтад элбэг бий.  Ижил сүрэг, эхээсээ төөрсөн янгирын ишгийг чоно, нохой, шувуу барих эрсдэлтэй.

Тиймээс зэрлэг амьтныг хамгаалах зорилгоор тэжээж байна. “Ямааны сүү өгөхөөр баас алддаг” гэж зарим хүмүүс ярьдаг. Одоогоор тийм зүйл байхгүй, эрүүл байна. Ажиглахад хадан дээр гарах, ишигтэй тоглох сонирхолтой юм.  

Манай гэр бүлийнхэн ихэд билэгшээж, тус янгирын ишигт “Боржоо” гэдэг нэр өгсөн. Манай ам бүлийн нэгэн гишүүнтэй адил. Хүүхдүүд өхөөрдөм хайрлаж, баяртай байна. Нутгийн хүмүүс ч мөн ирж сонирхож байна. “Боржоо, боржоо” гээд дуудахад хүрээд ирдэг. Өөр хүмүүст харин ойртохгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд цаг агаарын төлөв байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ан амьтдын амьдрах орчин хязгаарлагдмал, тоо толгой багассаар байна. Малчин хүний хувьд байгальтай ойр харьцаж, зэрлэг ан амьтдыг нэлээд ойроос харж, хайрлаж ирсэн. Би хууль бус ан агнуур хийдэггүй. Жил бүр тоо толгой нь цөөрч буй зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна” гэж ярилаа.  

Залуу малчин Г.Мөнх-Эрдэнэ 1994 онд төрсөн ба 2014 оноос өрх тусгаарлан мал маллаж байна.

Эднийх Зэрэг сумын Эхэн багийн “Улаан хавтгай” гэдэг газарт хаваржиж байгаа бөгөөд 700 орчим мал сүргийг өсгөн үржүүлж буй. Энэ жилийн тухайд 300-аад төл хүлээн авч байгаа аж.  

Холбоотой мэдээ