Биткойны блокчейн Хятадын зорилтод саад учруулж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-04-09 15:39:17

БЭЭЖИН. /ВВС/. Биткойн криптовалют олборлогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Хятадын эрх баригчдын зорилгод саад учруулж болзошгүй байна.


Үүнийг Хятадын Шинжлэх ухааны академийн их сургууль, Цинхуа их сургууль, Корнеллийн их сургууль, Суррей их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн харуулжээ.


“Тохирсон бодлогыг хэрэгжүүлж, хөндлөнгөөс оролцохгүй бол Хятадад явуулж буй биткойны блокчейны эрчимтэй ажиллагаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтыг бодитойгоор үгүй хийж болзошгүй байна” гэж судалгаанд дурдсан байна.


Криптовалют олборлох үед ялгардаг нүүрстөрөгчийн хэмжээ Хятадын арван том хотоос ялгарч буй хэмжээтэй тэнцэж байгааг судалгаа харуулжээ. Дэлхийн криптовалют олборлочдын 80 хувь нь тус улсад байдаг байна.


Хятадын эдийн засагчдын тооцоолсноор, эдгээр газрууд гурван жилийн дараа биткойн олборлоход цагт 296 тераватт эрчим хүч зарцуулах гэнэ. Өөрөөр хэлбэл 2024 он гэхэд тэд эрчим хүчний хэрэглээгээрээ тус улсад эхний аравт орох бөгөөд Бельги, Чех, Катарынхтай дүйцэх хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулна. Эрдэмтдийн дүгнэлтийг “Nature Communications” сэтгүүлд нийтэлжээ.


Хятадын Засгийн газар 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх зорилт тавьсан билээ.


Холбоотой мэдээ