С.Баттулга: Эх орныхоо төлөө ажиллах, онцгой эрхтэй даалгавар авсан хүнийг "дипломатч" гэдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жил, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга “Манай сургуулийн 30 жилийн түүх бол зөвхөн энэ сургуулийн түүх төдий биш, Монгол Улсад орчин цагийн гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн 30 жилийн түүх юм. Манай хамт олон, энэ сургуулийн түүхийг бүтээлцсэн бүх хүн үүгээрээ бахархдаг” хэмээн онцолж байлаа.
-Манай улс олон улсын
харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхлээд 30 жил болж
байна. МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж байв?
-Монгол Улсад анх орчин цагийн дипломат алба үүссэний 110 жилийн ой 2021
онд тохиож байгаа. Харамсалтай нь, манай улс ЗХУ-ын үед үндэсний
дипломатуудаа зөвхөн тэнд бэлтгэж байлаа. Харин 1990 онд Монгол оронд Ардчилсан хөдөлгөөн өрнөж, “Монгол
улс” дэлхийн олон улс оронтой дипломат харилцаа тогтоож эхэлснээс хойш гадаад
орон судлал, гадаад харилцааны чиглэлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага зайлшгүй
бий болсон юм.
1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын
тухай Боловсролын сайд Н.Уртнасангийн 162 дугаар тушаал, 5 дугаар сарын 15-ны өдрийн Олон улсын харилцааны сургуулийн орон тоо удирдлагыг батлах тухай
МУИС-ийн ректор Д.Доржийн 343 дугаар тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүнд анх удаа “Олон
улсын харилцааны сургууль” байгуулагдсан. Мөн оны 12 дугаар сард тус сургуулийн
санхүү, бүтэц зохион байгуулалтыг шийдвэрлэх зорилгоор тухайн үеийн Боловсролын
яамны сайд Н.Уртнасан, Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн, Үйлдвэрлэл
худалдааны яамны сайд Баярбаатар нарын хамтарсан тушаал гарсан байдаг. Ингэж
Монгол Улс дотооддоо гадаад харилцааны үндэсний боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн
түүхтэй.
Тус сургууль анх МУИС-ийн Гадаад хэлний факультетийн Өрнө дахины хэл судлал, Дорно дахины судлал, Орос хэлний тэнхимүүдийн бааз суурин дээр түшиглэн байгуулагдсан.
Тухайн үед олон улсын харилцаагаар мэргэшсэн мэргэжилтэн багш дутмаг байсан учраас ГЯЯ-наас онцгойлон анхаарч, туршлагатай дипломатуудаар хичээл заалгах зэргээр тусалж дэмжиж байлаа. Дараа нь 1993 онд Олон улсын харилцааны чиглэл, 2002 онд Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэл, 2004 онд Дипломат орчуулгын чиглэлээр тус тус мэргэжлийн тэнхим байгуулагдсан. Тус сургууль 2014 оноос хойш “Олон улсын харилцаа, нийтийн удирлагын сургууль” нэртэй болж, өөрийн бүрэлдэхүүндээ Нийтийн удирдлагын тэнхимийг багтаах болсон.
-Манай улс дотооддоо дипломат мэргэжилтэн бэлтгэж
эхэлсэн нь мэдээж маш чухал. Гэхдээ мэргэжлийн хүн илүү өргөн хүрээнд тодорхойлох байх...?
-Монгол Улсад анх удаа “Олон улсын харилцааны сургууль” байгуулагдсан явдал бол монголчуудын хувьд маш их ач холбогдолтой үйл явдал болсон гэж боддог. 1990-ээд онд ЗХУ задарсан хэдий ч, олон улс судлал, олон улсын харилцаа, дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэх ажлыг тасалдуулалгүй залгуулан авч, өөрийн улсын нөөц бололцоондоо тулгуурлан гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн. Манайх шиг улс орон өөрийн хүсэл зоригийн дагуу, өөрийн хүчээр үндэсний боловсон хүчнээ бэлтгэнэ гэдэг бол манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын тод илэрхийлэл гэж хэлж болно.
1990-ээд оны хүнд хэцүү цаг үед мэргэжлийн багш дутмаг, сургалт, судалгааны орчин нөхцөл огт байсангүй. Гэвч тухайн үеийн МУИС-ийн удирдлага, нэн ялангуяа ГЯЯ гадаад харилцаа, гадаад албаны мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлагыг аль аль талдаа мэдэрч, шуурхай арга хэмжээ авч байсныг энд цохон тэмдэглэмээр байна. Манай сургуулийн 30 жилийн түүх бол зөвхөн энэ сургуулийн түүх төдий биш, Монгол Улсад орчин цагийн гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн 30 жилийн түүх юм шүү. Манай хамт олон, энэ сургуулийн түүхийг бүтээлцсэн бүх хүн үүгээрээ бахархдаг.
-Ер нь дипломат хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Манай сургууль дипломат хүнийг бэлтгэдэг гэж шууд ойлгож болохгүй. Дипломат хүн нэг хоёр сургууль төгсөөд шууд болчихдог мэргэжил ч биш. “Дипломатч” гэж мэргэжлийн сургууль төгсөж, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэхээс гадна ажлын арвин туршлага хуримтлуулж, хүний хувьд бүрэн төлөвшиж, тодорхой мэргэжлийн шалгуурыг давж байж сая болох боломжтой мэргэжил. Манай сургуулийг төгсөөд, энэ чиглэлээрээ ажлын туршлага хуримтлуулахын зэрэгцээ гадаадын мэргэжлийн сургуульд мэргэжил дээшлүүлж байж сая дөнгөж дипломат хүний суурь бэлэн болно гэсэн үг. Тэгээд салбартаа олон жил ажиллаж байж дипломат хүний захад хүрдэг байх. Тийм ч амар хялбар болдог ажил биш шүү, их хариуцлагатай ажил.
Дипломат хүнд мэдээж мэргэжлийн болон түүхийн мэдлэг, туршлага хамгийн чухалд тооцогдох байх. Тэр дотроо дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвар, гадаад хэлний практик мэдлэг, хэлэлцээ хийх чадвар нэн чухал. Үүнээс гадна хувь хүний суурь хүмүүжил, зан төлөвшил, харилцааны соёл, бусдын соёлыг хүндэтгэх чадвар онцгой чухал гэж бодож байна. Ер нь эх орныхоо төлөө ажиллах гэж эх орноосоо онцгой эрхтэй даалгавар авсан хүнийг “дипломатч” гэдэг байх. Тэгэхээр эх оронч, төвч, тэсвэр тэвчээртэй, мэдрэмжтэй “монгол ухаантай” хүн байх нь эргэлзээгүй.
-Танай сургуулийн үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд илүү өргөжин тэлсэн байх. Одоо хэчнээн оюутан суралцаж байна вэ?
-Маш их өөрчлөгдсөн шүү. Монголын дээд боловсролд ч их өөрчлөлт гарлаа,
МУИС ч ихээхэн өөрчлөгдөж байна. МУИС 5 бүрэлдэхүүн сургуультай, орон нутагт 2
салбар сургуультай. Түүний дотор 3 мэргэжлийн чиглэлийн сургууль байдгийн нэг
нь манай сургууль. Өнөөдөр олон улсын харилцааны мэргэжлийн сургуулийн сургалт,
судалгааны орчин бүрдэж, хангалттай суурь баазтай болсон. Анхны төгсөгчид маань
гадаад, дотоодод эрдмийн зэрэг хамгаалж ирээд сургуульдаа багшилж байна. Гадаад
хамтын ажиллагаа ч их өргөжсөн. Бид мэдлэг туршлага хангалттай хуримтлуулж
байна.
Анх цөөн хэдэн гадаад хэлээр, гадаад харилцааны цөөн чиглэлээр оюутан элсүүлж төгсгөж байсан. Тэгвэл өнөөдөр олон гадаад хэлээр нэгэн зэрэг суралцах боломжтойгоос гадна олон улсын харилцаа, олон улсын эрхзүй, олон улсын эдийн засгийн харилцаа, нийтийн удирдлага, бүс нутаг судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна.
Мөн олон улсын эдийн засгийн чиглэлээр олон улсын хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөртэй болсон. Өнөөдрийн байдлаар манай сургуульд нийт 1100 орчим оюутан суралцаж байгаагаас 800 орчим нь бакалаврын түвшинд суралцаж байна. Сүүлийн үед магистрант, докторантаас гадна гадаад оюутны тоо нэмэгдэх хандлагатай байна.
-Сургуулийнхаа сургалт, судалгааны онцлог болон ойрын үед
тавьж байгаа зорилтоос танилцуулна уу?
-Манай сургууль тогтвортой, мэдлэгт суурилсан сайн сайхан нийгмийг байгуулах үйл хэрэгт манлайлан оролцож, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, хөрвөх чадвартай үндэсний элит мэргэжилтнийг бэлтгэх, Азид хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургууль байх зорилго тавин ажиллаж байна.
Сургалтын хувьд орчин үеийн, уян хатан, сонголт бүхий хөтөлбөрүүдтэй. Мэргэжлийн болон хос, хавсарга хэлбэрээр суралцаж, дотоод болон гадаадын хос дипломтой төгсөх боломжтой. Дадлагыг суралцагчийн хэрэгцээнд тулгуурлан төрийн болон төрийн тусгай алба, Төрийн албаны зөвлөл, судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтарч чанарын өндөр түвшинд эзэмшүүлдэг онцлогтой. Мөн олон гадаад хэлээр зэрэг суралцах боломжтой.
Олон улсын нэр хүндтэй профессоруудаас зөвлөгөө авч, тэдний лекцэнд хамрагдах боломжтой байдаг. Сургалтын хөтөлбөрийн хувьд, олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эрдэм шинжилгээ, судалгааг маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед ахисан түвшний сургалтад онцгой анхаарч байна. Түүнээс гадна олон салбар дундын, цогц, бодлогын судалгааг хөгжүүлэх ажилд онцгой анхаарал хандуулж байна.
-Дипломат албаныхныг мөн гадаадад мэргэшүүлэх уламжлал хадгалагдаж байгаа. Өөр ямар улсад
боловсон хүчнээ суралцуулж байна вэ?
-Монгол Улсын иргэн өнөөдөр хүсвэл гадаад харилцааны мэргэжлээр хаана ч суралцаж болно. Энэ нь нээлттэй болсон. Нөгөөтэйгүүр, Монгол Улс гадаад харилцааны мэргэжлээр боловсон хүчнээ дотоодод бэлтгэх төдийгүй, туршлага хуримтлуулах утгаар ч тэр, гадаад улсад бэлтгэх шаардлагатай. Урьд өмнө ЗХУ-д бэлтгэж байсан уламжлал өнөөдөр ч тасраагүй. МГИМО гэж нэрлэдэг Москвагийн Олон улсын харилцааны сургуульд жил бүр тодорхой тооны хүнийг улсын хэмжээнд сонгон шалгаруулдаг. ОХУ-аас гадна АНУ, БНХАУ, Их Британи, ХБНГУ, Япон улс, БНЭУ, БНСУ зэрэг улсад монголчууд мэргэжил дээшлүүлэхээс гадна эрдмийн зэрэг хамгаалах сургалтад хамрагдаж байна. Түүнээс гадна дотоодод мэргэжлийн боловсон хүчнийг мэргэшүүлэн бэлтгэхэд Монголын Дипломатын Академи тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа.
-Оюутнууд гадаад харилцааны мэргэжлийн ямар чиглэлийг түлхүү сонирхон суралцаж байна вэ. Ер нь ямар чиглэлийн мэргэжилтэн нь илүү шаардагдах чиг хандлагатай байна вэ?
-Манайх хамгийн их өрсөлдөгчтэй сургууль. МУИС-д элсэгчдийн дотроос хамгийн
өндөр оноотой буюу 730-аас дээш ЭЕШ-ын оноотой суралцагчид элсэж орох боломжтой
байдаг. Түүнээс гадна 1-2 гадаад хэлний мэдлэгийг сайн эзэмшсэн байхыг
шаарддаг. Манай сургууль өнөөдөр бакалаврын түвшинд олон улсын харилцаа, нийтийн
удирдлага гэсэн хоёр үндсэн чиглэлээр элсэлт авч байгаа. Оюутан суралцах явцдаа
өөрийн сонирхол, хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн олон улсын харилцаа, олон
улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрхзүй, бүс нутаг судлал, төрийн
удирдлагын чиглэлүүдээр мэргэшиж түлхүү сонгон суралцдаг. Мөн зарим оюутан
тусгай нарийвчилсан сэдвээр дипломын ажил бичиж хамгаалдаг.
Ер нь, сургуулиас оюутны суралцах явцад хөтөлбөрийн агуулга, чанар, хүртээмж, сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэх талаар тасралтгүй судалгаа явуулж, тандаж байдаг. Тухайлбал, хөтөлбөр хэр үр ашигтай байгаа, оюутан, элсэгч, зах зээлийн сонирхол юу байгаа, манай улсын бодлого болон дэлхийн чиг хандлагыг уялдуулан ямар мэргэжлээр нарийсган бэлтгэх шаардлагатай байгаа гэх зэргээр. Ер нь сүүлийн үеийн хэрэгцээ, шаардлага, чиг хандлагаас харахад манай улсад олон улсын эрхзүй, олон улсын эдийн засгийн харилцаа, гэрээ хэлэлцээр, төрийн удирдлага, гадаад харилцаа, дипломат албаны мэргэшсэн олон хэлний орчуулагчийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлага байна гэж бид үзэж байгаа. Бид энэ талын сургалт, судалгааны агуулгыг илүү баяжуулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, сургалт судалгааны чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Манайд Сургалтын хөтөлбөрийн хороо гэж байдаг. Тус хороонд туршлагатай дипломатч, ажил олгогч, шийдвэр гаргагчдын төлөөллийг оролцуулж, хөтөлбөрийг сайжруулахад тэдний санал бодлыг тусгадаг.
-Дэлхий даяарчлагдаж, харилцаа холбоо өргөжиж, иргэдийн харилцан зочлох хөдөлгөөн ихэссэн энэ эринд олон улсын харилцааны бодлого хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Дэлхий дахинд “COVID-19” цар тахлын халдвар дэгдсэнээс хойш олон улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч байна. Ямар өөрчлөлт, хэрхэн өрнөж байгаа талаар манай иргэд ч тодорхой ойлголттой байгаа байх гэж бодож байна. Ковидын эсрэг вакцин ч геополитикийн нэгэн хэрэгсэл болж хувирч байх шиг байна. Хамгийн тодорхой зүйл бол 1990-ээд оноос хойш дэлхий дахины хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарсан. Тэрхүү хүчний тэнцвэр өнөө хэр бүрэн хангагдаагүй, хүчний тэнцвэрийн төлөөх өрсөлдөөн үргэлжлэн өрнөсөөр байна гэж хэлж болно. Нэн ялангуяа АНУ, БНХАУ гэсэн их гүрний хоорондох өрсөлдөөн ширүүсэж байна. ОХУ болон Европын холбооны харилцаа ч таагүй хэвээр байна. Дэлхий ертөнц бүхэлдээ “хаос” байдалд орсон гэж зарим олон улсын харилцааны судлаач дүгнэж байна.
Манай улсын хувьд, хүчний тэнцвэрийн төлөөх өрсөлдөөнд гол үүрэгтэй оролцож байгаа их гүрнүүдтэй шууд хил залгаа, аль эсвэл дам байдлаар ойр хамтын ажиллагаатай явж байна. 1990-ээд оноос хойш манай улсын гадаад харилцаанд гарсан том ололт амжилт бол бүхий л улс оронтой “нээлттэй” харилцааг идэвхтэй хөгжүүлж ирсэн явдал юм.
Нэг бүс нутагт амьдарч буй улсуудтай хилийн болон ямар нэгэн маргаан зөрчилдөөнгүй цорын ганц улс бол Монгол Улс. Бид бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлж буй улс гэдгээрээ нэн онцгой. Их гүрнүүдийн нөлөө зарим тохиолдолд бидэнд хүчтэй мэдрэгддэг. Зарим тохиолдолд тэдний нөлөөг хэрхэн хариулбал зохилтой вэ гэсэн асуудал бидэнд тулгардаг. Бид цаашид олон улс оронтой харилцаагаа идэвхтэй хөгжүүлэхийн тулд улс хоорондын харилцааны тэнцвэрийг харгалзан үзэж, байр сууриа зөв тодорхойлж, идэвхтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр хөрштэйгөө өөрсдийнхөө хөгжилд хэрэгтэй салбараар илүү ойртож нягтрах, зөв чиглэлд хамтын ажиллагааг чиглүүлэх, гуравдагч хөршийн ойлголтод багтаж буй бусад улс орон, олон улсын байгууллагуудтай эн тэнцвэртэй зөв харилцах асуудал нэн чухал.
2021 онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жил, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Бидэнд гадаадтай харилцдаг мэргэжилтнээ чадваржуулах, гадаад харилцааны үндэсний боловсон хүчнийг өндөр түвшинд бэлтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэж бодож байна.
-Дипломат ажилтан ер нь хэдэн гадаад хэлтэй байх шаардлагатай байдаг вэ. Танай сургууль ямар хугацаанд аль түвшинд гадаад хэлийг эзэмшүүлж байна вэ?
-Манай сургуульд элсэгчдэд наад тал нь 1-2 гадаад хэлийг сайн эзэмшсэн байх шаардлага тавьдаг. Үндсэн 1-2 гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлахаас гадна ахисан түвшний англи хэл, мөн орос, хятад, япон, солонгос, герман, франц, итали, польш, испани, турк, араб хэлийг эзэмших, зэрэгцүүлэн сурах боломжийг бүрдүүлсэн байдаг.
Магистрын түвшинд англи хэлээр явуулдаг олон улсын хамтарсан болон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас хэлний мэдлэг маш чухал. Гадаад хэлний ахисан түвшний хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Ер нь, гадаад хэлний хичээлийг оюутан өөртөө тохируулан ямар ч хэлбэрээр суралцах боломжтой. Их сургуулиас бусад гадаад хэлний сургалтад хамрагдаж, тэрхүү амжилтаараа сонгон суралцах боломж ч нээлттэй. Гадаад хэлийг суралцагч өөрийн сонирхол, хэрэгцээ шаардлагад тулгуурлан хэдэн жил ч сурч болно. Чадвартай оюутнууд 2-3 хэлийг давхар сонгон суралцдаг.
-Сургуулийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр
хэрхэн ажиллаж байна вэ?
-Анх Олон улсын харилцааны сургууль байгуулагдахад ГЯЯ-наас ижил түвшний гадаадын сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, тэдний туршлага, сургалтын хөтөлбөрөөс суралцахад анхаарал хандуулж байсныг энд цохон тэмдэглэмээр байна. Ер нь олон улсын харилцааны сургуулийн гадаад харилцаа бол нэн өргөн байх ёстой. Одоогийн байдлаар авч үзвэл, манай сургууль гадаадын 30 орчим их сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна.
Фүданы их сургууль (БНХАУ)-ийн санаачилгаар 2016 онд байгуулагдсан Азийн Олон улсын харилцааны сургуулиудын холбоонд манай сургууль анхнаас нь гишүүнээр элсэж, тус байгууллагын гишүүн 20 гаруй орны сургуультай хамтран ажиллаж байна. Москвагийн Олон улсын харилцааны сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Улс төрийн сургууль, Эрхүүгийн их сургууль, Буриадын их сургууль, Бээжингийн их сургуулийн Гадаад судлалын сургууль болон Эдийн засгийн сургууль, Фуданы их сургууль, Өвөр монголын их сургуультай олон жилийн ойр хамтын ажиллагаатай.
Түүнээс гадна БНСУ-ын Инхагийн их сургууль, Сөүлийн их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, АНУ-ын Жонс-Хопкинсийн их сургууль, Аляскийн их сургууль, ХБНГУ-ын Шпайерын төрийн захиргаа, удирдлагын их сургууль, Япон улсын Нагояагийн их сургууль, Кибер их сургууль, БНПУ-ын Варшавын их сургуулийн Олон улс судлалын сургууль, Тайванийн Үндэсний Чи Нан их сургууль, Израйл улсын Хэбрү их сургууль, БНЭУ-ын Ж.Неругийн нэрэмжит Олон улсын харилцааны сургуультай хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна.
-Гадаад оюутнууд суралцдаг тухай та дээр дурдсан, хэчнээн оюутан суралцаж байна вэ. Гадаад мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг уу?
-Сүүлийн үед гадаад оюутны тоо нэмэгдэж байна. Орос, Хятад, Солонгос, Япон болон европын зарим нэг улсаас нийт 30 орчим гадаад оюутан суралцаж байна. Энэ бол манай хөтөлбөрийн чанарыг нэг талаас илтгэж байгаа үзүүлэлт юм. Сүүлийн үед манай улсад байгаа ЭСЯ-нд ажиллах сонирхолтой гадаадын иргэн манайд суралцах хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Манай сургуулийг төгссөн цөөнгүй гадаад иргэн УБ дахь ЭСЯ-нд дипломат корпусын ажилтнаар ажиллаж байгаа. Бид тэдэнтэй байнгын холбоотой ажилладаг. Гадаад оюутнууд ихэвчлэн Монгол Улсын түүх, Монгол Улсын гадаад харилцааны түүхийн чиглэлээр суралцах сонирхолтой байдаг.
Манай сургуулийн бас нэг онцлог гэвэл, гадаадаас зочин профессоруудыг урьж ажиллуулдаг. Яг одоогоор АНУ-ын Аляскийн их сургууль, ХБНГУ-ын Шпайерын төрийн захиргаа, удирдлагын их сургуулиас зочин профессор ажиллаж байна. Одоогоор “COVID-19” цар тахлаас шалтгаалан ирж чадахгүй, цахимаар хичээл зааж байна. Жил бүр 1-2 сарын хугацаатай 4-5 профессор манайд ээлжлэн ирж ажилладаг.
-Төгсөгчид сургуулийнхаа нүүр царай, сургалтын чанарыг
тодорхойлж байдаг. Тэгэхээр танай сургуулийн төгсөгчид хаана хаана ажиллаж
байна вэ?
-Бид хөрвөх чадвартай манлайлагч хүнийг бэлддэг. Тэр утгаараа манай төгсөгчид маш олон салбарт тэргүүн фронтод ажиллах боломжтой байдаг. Төрийн болон төрийн тусгай алба, олон улсын байгууллагаас гадна бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа төгсөгч олон бий. Зөвхөн олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр цохож нэрлэвэл, өнөөдөр Гадаад харилцааны яамны нийт ажилтан албан хаагчийн 40 хувийг манай төгсөгч эзэлдэг гэсэн тоо бий. Түүгээр ч үл барам манай сургуулийн анхны төгсөгчдийн нэг Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар томилогдоод удаагүй байна. Энэ бол яах аргагүй бидний бахархал.
Манай төгсөгч дундаас Т.Бадрал, Т.Төгсбилгүүн, М.Батсайхан нар Элчин сайд болсон. ГХЯ-нд Э.Сарантогос, Д.Ганболд, Д.Баярхүү, Д.Гэрэлмаа нар Газрын захирлаар ажиллаж байна. Манай төгсөгчдөөс Б.Пүрэвдорж, Б.Энх-Амгалан, Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор зэрэг УИХ-ын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх С.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа нарыг дурдаж болно.
Шатрын Олон улсын хэмжээний мастер А.Энхтуул манай суралцагч. Ийм олон бахархалт төгсөгч, суралцагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй. Бизнесийн салбарт ч маш амжилттай яваа олон төгсөгч бий. Мөн надаас авахуулаад төгссөн сургуульдаа багшилж байгаа 9 төгсөгч бий.