Халдвартай нь батлагдсан иргэнийг Улаанбаатар хот руу буцаажээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-13 17:31:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэсэн ачааны автомашинд дайгдан /ямар нэгэн зөвшөөрөлгүй/ Баянхонгорт ирсэн иргэн М коронавирусний халдвартай болох нь тогтоогджээ. Тухайн иргэний асуудлаар аймгийн Онцгой комисс ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж М-ийг хувийн тээврийн хэрэгслээр нь гэр бүлийн хүнтэй нь Улаанбаатар хот руу буцаасан байна. 

Тодруулбал, Иргэн М Өлзийт сумын постын цаана энэ сарын 10-ны 23:00 цагийн орчимд ачааны автомашинаас бууж, алхаж явсаар гэртээ ирэн, 11-ний өдөр гэрээс гаралгүй өнжжээ. 12-ны өглөө иргэн М нь гэр бүлийн хүний хамт Улаанбаатар буцахаар болж Их богд эмнэлэг, Оточ мандал өрхийн эмнэлэг, Баянхонгор сумын ЗДТГ-аар тус тус үйлчлүүлсний дараа шинжилгээ өгсөн байна. Түргэвчилсэн сорилоор эерэг гарснаар Genexpert аппаратын урвалжаар шинжлэхэд коронавирусний халдвар мөн болох нь батлагджээ.

Ийнхүү дээрх арга хэмжээг авсан бөгөөд иргэн М болон зөөвөрлөн авч ирсэн жолоочийн ойрын болон дам хавьтлыг АОК-ын Тандалт судалгааны багаас тодруулан ажиллаж байна. Иргэн М-ийн явсан газруудад МХГ, ЗӨСТ-өөс цаг алдалгүй ариутгал халдваргүйжүүлэлтийг хийснээр тухайн газруудыг ажлын горимд шилжүүлээд байна.

Холбоотой мэдээ