Хөл хорионы улмаас 340 хүүхэд гэртээ харьж чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-16 14:47:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоосонтой холбогдуулан зэргэлдээ аймаг, суманд байршилтай гэртээ харьж чадаагүй хүүхдүүд нэлээд байна. Үүнтэй холбоотой судалгаа, мэдээллийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран гаргажээ. 

Улмаар хараа хяналт сул байгаа хүүхдүүдийг хяналтад авсан ба хоол хүнс, түлшний хэрэгцээгээр дутагдахаас сэргийлж, эцэг эх, асран хамгаалагчидтай холбоо тогтоон ажиллаж байна.  

Судалгаагаар Ховд аймгийн 16 сум, Увс, Завхан, Говь Алтай, Баян-Өлгий аймгийн ойролцоох сум зэрэг 20 байршилд гэртээ 340 хүүхэд аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт амьдарч байна.  

Хүүхэд хамгааллын мэргэжлийн багийнхан энэ сарын 12-14-ний өдөр “Эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ” хийхэд 12 өрх хамрагджээ. Ингээд зургаан өрхөд хүнсний бүтээгдэхүүний багц олгосон байна. Мөн зургаан хүүхдэд хөгжлийн болон дархлаажуулалтын багц олгож, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд 10 иргэнийг хамруулсан аж.


Одоогийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн 15.2 хувийг хүүхэд эзэлж байна. Мөн тусгаарлан ажиглах таван байранд 38 хүүхэд үйлчлүүлж буй.

Мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчид дөрөвдүгээр сарын 15-нд Жаргалант сумын Магсаржав, Буянт, Цамбагарав, Тахилт, Алагтолгой, Хайрхан, Наран, Бичигт багийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн гудамж, хүүхдийн тоглоомын талбайд хөдөлгөөнт эргүүл хийлээ.

Эргүүл хийх явцад гудамж, талбайд онцгой шаардлагагүй, амны хаалтгүй явж байсан 32 иргэнд зохих журмын дагуу зөвлөмж өгсөн байна.

Мөн өсвөр насны 24 хүүхэд тодорхой шалтгаангүй гэрээсээ гарсан, сэлгүүцсэн байдалтай байв. Тэдэнд мэргэжлийн хүмүүс зөвлөмж, зөвлөгөө өгч гэрт нь буцаажээ. Ингэхдээ бага насны гурван хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв.

Иргэд эргүүл хийж байгаа ажилтнуудын зөвлөмж, зөвлөгөөг сайн хүлээн авч байсан бөгөөд өмнөх өдрүүдтэй харьцуулахад гадуур явах хүний тоо багассан үзүүлэлттэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ