Гааль, татварын асуудлаар иргэдэд зөвлөх төв нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-16 16:13:19

Гааль, татварын ерөнхий газраас өнөөдөр өөрийн байрандаа  иргэдэд зөвлөгөө өгөх дуудлагын төвийг нээв.

Тус төвд иргэд татварын асуудлаар зөвлөгөө авах бол 1800-1288 дугаарт, харин гаалийн асуудлаар бол 1800-1281 утсанд залгаж мэдээлэл авах боломжтой.

Гааль татварын газрын дарга С.Пүрэв  хэлэхдээ, “2008 онд анх “Утсаар зөвлөгөө өгөх төв”-д 3 хүн ажилладаг байсан бол өнөөдөр дуудлагын төв 30 гаруй ажилтантай боллоо. Бид өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс “НӨАТ-ын зөвлөгөө өгөх төв”, “Ногдол өр дуудах” төв нээж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсэн. Гэвч нээлтээ хийж амжилгүй өнөөг хүрсэн бөгөөд энэхүү билэгт  өдөр  албан ёсоор нээж байна. Утсаар зөвлөгөө өгөх төв” 2008-2015 онд 180 мянган дуудлага хүлээн авсан бол энэ оны эхний таван сарын хугацаанд 157 мянган иргэний дуудлагыг хүлээн авсан” гэв.

НӨАТ-ын зөвлөгөө өгөх төвийн ахлах байцаагч Н.Бямбаа ярихдаа, “Сүүлийн үед аж ахуйн нэгжээс илүүтэй хувь хүмүүс НӨАТ-ын сугалааны тохирлын талаар мэдээлэл авч байна. Тухайлбал 6 дугаар сарын 10-ны байдлаар нэг өдрийн хандалт 870 байна.  Нийт 2700 орчим гомдол хүсэлтийн 80 хувийг шийдвэрлэсэн. Эхэндээ НӨАТ-ын талаар мэдээлэл дутмаг байснаас болж  хүмүүс бухимдалтай байсан бол  одоо талархсанаа илэрхийлдэг болсон” гэлээ.

 Г.Уранчимэг

Холбоотой мэдээ