Иргэдэд мод суулгах зөвлөмжийг цахимаар өгч байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-16 22:39:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Удахгүй бүх нийтээр мод тарих өдөр болох гэж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн удирдлагууд БОАЖГ-ын харъяа сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн үйл ажиллагаа, шилжүүлэн суулгах мод бут, сөөгийн нөөцтэй танилцлаа.

2022 онд тохиох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан найман түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлэх зорилт тавин БОАЖГ-аас уриалга гаргасан.

Тиймээс ирэх тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиох бүх нийтээр мод тарих өдрөөр модны суулгац хүрэлцээтэй эсэх нь чухал юм.

Ойн ангийн мод үржүүлгийн  талбайд 13 төрлийн мод, бут сөөг болон  жимс жимсгэний мод ургуулж байгаа ба үүнээс улиас хайлаас, бургас, сухай зэрэг тарьц суулгац 13000-15000 ширхэгийг тариалалтад гаргах боломж байгаа аж.

Хайлаас, агч гүйлс зэрэг 7000 орчим модыг хоёр жил арчлан ургуулж, одоо шилжүүлэн суулгахад боломжтой ба үнэ ханшийн хувьд 1800-4000 төгрөгөөр худалдахаар төлөвлөж байна.

Тус аймаг газрын доройтол, цөлжилт, хуурайшилтын эсрэг Мандалговь хотод мод тарих ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул амьдрах чадвартай модны суулгац зайлшгүй хэрэгцээтэй юм.  

Мөн модыг амьдруулахын тулд хөрсөө бэлтгэх, суулгацыг зөв суулгах, арчилж ургуулах гээд мэдлэг хэрэгтэй болно. Тиймээс БОАЖГ-аас иргэдэд цахимаар мод суулгах талаар танилцуулж зөвлөгөө, зөвлөмж өгч байна.   

Холбоотой мэдээ