“Токио-2020” зуны олимп- Таны мэдэх ёстой 100 зүйл

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-17 14:10:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 96 хоног үлдээд буй энэ үед спорт сонирхогчиддоо зориулж oлимпын тухай болон “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах Япон улсын тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг МҮОХ-ноос цувралаар хүргэж байна.


Хоёрдугаар хэсэг: Гандболын гадаа тэмцээнээс эхлээд жүдогийн медаль хүртэл.


35. Гандболын төрөл нь анх гадаа задгай талбайд зохиогддог байлаа. Харин 1972 оноос хойш танхимын гандболын төрлөөр зохион байгуулагдаж байна.


36. Токио-2020 олимпын наадмын нээлтийн ёслолд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2 тамирчин туг барьж жагсах боломжтой.


37. Нээлтийн ёслолын маргааш буюу 7 дугаар сарын 24-нд спортын 7 төрөлд медаль гардуулна. Үүнд: Байт харваа, замын дугуй, туялзуур сэлэм, жүдо, буудлага, тэквондо ба хүндийг өргөлтийн анхны медальтнууд тодорно.


38. “Токио-2020” олимпын наадамд Узбекистаны гимнастикч Оксана Чусовитина дөчин таван насандаа 8 дахь олимпдоо оролцоно.


39. Олимпын түүхэнд анх удаа Япон улсаар аялах олимпын бамбарыг устөрөгчөөр цэнэглэн асааж байна.


40. Япон улсын газар нутаг нь Хоккайдо, Хоншю, Кюүшюү, Шикокү, Окинава гэсэн 5 үндсэн арлуудаас бүрддэг.


41. Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс. Тэрбээр 23 алт, 3 мөнгө , 2 хүрэл медаль,нийт 28 медалиар энгэрээ мялаажээ.


42. Олимпын 5 удаагийн аварга, Унгарын гимнастикч Агнеш Келети нь энэ цаг үеийн хамгийн ахмад олимпын аварга юм. Тэрбээр энэ онд 100 насныхаа ойтой золгожээ.


43. Уран сайхны гимнастик, усны уран сэлэлт, софтбол нь зөвхөн эмэгтэйчүүд өрсөлддөг олимпын төрлүүд юм.


44. "Токио-2020" олимпыг “Cэргээн босголт , бүтээн байгуулалтын наадам” хэмээн нэрлэсэн нь 2011 онд болсон Японы зүүн талын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Тохокү бүс нутгийг бүх талаар дэмжих зорилготой.


45. Япон улсын хүн ам 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 126,180,983 байна /НҮБ-ын сүүлийн үеийн мэдээллээс/.


46. Тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн 6.18 м дээд амжилтыг Шведийн тамирчин Арманд Дуплантис 2020 онд тогтоожээ.


47. "Токио-2020" сёрфингийн тэмцээн дөрвөн өдөр буюу 7 дугаар сарын 25-наас 28-нд төлөвлөгдсөн боловч тухайн үеийн далайн давалгааны байдлаас шалтгаалах тул олимпын сёрфингийн фестивалийг 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 01-ний хооронд гэж зарлажээ.


48. Испанийн усны уран сэлэлтийн тамирчин Она Карбонелл нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 медальтай боловч “Лондон-2012” олимпын наадмаас л хоёрхон медаль хүртэж байв.


49. БНХАУ-ын баг тамирчид “Лондон-2012” олимпын наадмын бадминтоны бүх төрөлд түрүүлсэн бөгөөд олимпын наадамд тус спортын төрлөөр хамгийн олон (18) медалийг хүртсэн түүхтэй.


50. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн тэмцээний 82.98 м дээд амжилтыг Польшийн тамирчин Анита Влодарчик 2016 онд тогтоосон байна.


51. Аргентин улс нь “Афин-2004” Олимпын наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд одоогоор анхны болон цорын ганц алтан медаль хүртсэн түүхтэй.


52. “Рио-2016” олимпын наадамд Дүрвэгсдийн баг анх удаа оролцсон бөгөөд “Токио-2020” наадамд өрсөлдөх тэдний бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй байна.


53. “Рио-2016” олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээний үеэр Неймар хамгийн хурдан гоолын эзэн болсон бөгөөд Бразил - Гондурасын хагас шигшээ тоглолт эхэлмэгц 14 секундэд айлын хаалганд бөмбөг оруулж, шинэ рекорд тогтоосон юм.


54. Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн гүйлтийн 3.26.00 секунд дээд амжилтыг Марокко улсын тамирчин Хишам Эль-Геррүж 1998 онд тогтоожээ.


55. Олимпын наадамд анх удаа скейтбоүрдийн төрөл багтаж, гудамжны бa паркийн гэсэн 2 ангилалд аваргаа тодруулна.


56. Ширээний теннисийг анх “пинг понг”, “вифф вафф”, “ флим флам” хэмээн олон янзаар нэрлэдэг байжээ.


57. Сербийн теннисчин Новак Жоковичийн спортын замналд дутагдаж буй ганц цол хэргэм нь олимпын аварга юм. Тэрбээр "Бээжин-2008" олимпын наадамд хамгийн өндөр амжилтаа үзүүлж, хүрэл медаль дээр буужээ.


58. Тэртээх "Афин-1896" орчин үеийн анхны олимпын хөтөлбөрт багтсан есөн спорт болох хөнгөн атлетик, дугуй, туялзуур сэлэм, гимнастик, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усанд сэлэлт, теннис, буудлага нь "Токио- 2020" наадмын хөтөлбөрт албан ёсоор багтжээ.


59. Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын дээд амжилт 15.50 м бөгөөд Украины тамирчин Инесса Кравец 1995 онд тогтоожээ.


60. “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Хашимото Сейко нь өвөл , зуны нийт 7 олимпын наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн налуу тойргийн уралдаанд тус тус оролцож байжээ.


61. “Токио-2020” наадмын онцлох тэмдэг нь “Олон талт онцлог ялгаатай байдлын нэгдэл нягтрал” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тус наадмын үеэр дэлхий дахины онцлог ялгаатай, олон талт хэвшилт байдлыг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн үзэл санааг түгээх чин хүсэл эрмэлзэлтэй.


62. “Токио-2020” олимпын наадамд гудамж талбайд хичээллэх бүрэн боломжтой 3 спортын авсаархан төрлийг шинээр нэмсэн нь дугуйн BMX чөлөөт үзүүлбэр, скейтбоүрд, 3х3 сагсан бөмбөг юм.


63. Олимпын түүхэнд анх удаа спортын төрлүүдийн пиктограм дүрслэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулжээ.


64. “Барселона-1992” олимпын наадмаас эхлэн хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчдыг оролцуулах, гэхдээ нэг багт 23-аас дээш насны мэргэжлийн гурван хөлбөмбөгч мэдүүлэхийг зөвшөөрдөг болсон юм. Гэвч “Токио-2020” олимпын наадам нэг жилээр хойшилсонтой холбогдож, энэ олимпын насны хязгаарыг 24 болгож өөрчилсөн байна.


65. Олимпын 4 удаагийн аварга, АНУ-ын Саймон Байлес нь гимнастикийн түүхэнд хамгийн олон медальт тамирчин юм. Тэрбээр олимпоос гадна ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ.


66. “Афин-2004” наадмаас хойш Ямайк улсын домогт ойрын зайн гүйгч Усайн Болтгүй анхны олимп болно.


67. Токио гэдэг үг нь япон хэл дээр “Зүүн нутгийн нийслэл” гэсэн утгатай.


68. Жүдо бөхийн төрлөөр Япон улс олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн. 1964 онд жүдо бөх олимпийн төрөлд багтсанаас хойш Наран улсын үе үеийн жүдочид 36 алт, 18 мөнгө, 18 хүрэл медаль нийт 72 медаль хүртжээ.


Үргэлжлэл бий.

Холбоотой мэдээ