Сумдын засаг дарга нарт 4 чиглэлээр үүрэг даалгавар хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-19 00:30:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Шуурхай штабын бүрэлдэхүүн сумдын удирдлагуудтай өнөөдөр цахимаар хуралдаж, дараах 4 чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Тодруулбал, Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, Засгийн газар, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг сумын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шуурхай штабын ажиллах журмыг шинэчилж, бүтэц бүрэлдэхүүнийг томилон ажиллуулах, цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээний хүрээнд хувь хүний нууцлалыг бүрэн хангаж ажиллахыг даалгав. Мөн эрүүл мэндийн чиглэлээр, нэг удаагийн хувийн хамгаалах хэрэгслийн иж бүрдэл, сорьц тээвэрлэх орчин, эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур, нэг удаа 5-8 хүн хүлээн авч эмчлэх, вирусний эм бэлтгэх нөөцийг тус тус бүрдүүлэхийг үүрэгдлээ. Түүнчлэн тусгаарлан эмчлэх байр ЭМТ-өөс өөр байрлалд бэлтгэж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа.

Гуравдугаарт, хяналт шалгалтын чиглэлээр сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн

хяналтад авах, Чингис хот болон халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас зорчин очиж байгаа иргэдийг (гэр бүлийн хамт) гэрийн тусгаарлалтын дэглэмд тавих хяналтыг сайжруулах, баталгаагүй замаар буюу зохих зөвшөөрөлгүй зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, зөвшөөрөлгүй ирсэн байж болзошгүй иргэдийн мэдээллийг авч хяналтад авах, хариуцлага зайлшгүй тооцох ёстойг санууллаа.

Дөрөвдүгээрт, төсвийн тодотголын төслийг боловсруулан сумын ИТХ-д яаралтай уламжлах, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж сумын ИТХ-ыг хуралдуулах боломжийг бүрдүүлж, төсвийн тодотголыг хэлэлцүүлэх, Төсвийн тодотголоор дээрх нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйжүүлэх уусмал, хамгаалах хувцас хэрэгсэл худалдан авах шаардагдах зардлыг эхний ээлжинд тусгаж тодотгохыг үүрэг болгов.

Дээрх 4 чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг дөрөвдүгээр сарын 23-ны дотор аймгийн шуурхай штабт аймгийн Онцгой комиссын даргын нэр дээр ирүүлэхийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ