Арвайхээрт халдварын 4 голомт шинээр үүслээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-23 15:52:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 367 иргэнээс PCR шинжилгээний сорьц авахад 13 иргэн халдвар авсан нь батлагдлаа. Арвайхээр сумын хэмжээнд халдварын 4 голомт шинээр үүсээд байна.

 

БОЭТ-д халдварын 3 тохиолдол батлагдсан бөгөөд өмнөх батлагдсан голомтоос хамааралгүй байгаа нь маш их санаа зовоосон асуудал болохыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Ишдорж хэлэв. “Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмч, эмнэлгийн ажилчдын маань эрүүл, аюулгүй байдал алдагдаад эхэлвэл тун эрсдэлтэй байдал үүснэ” хэмээлээ.

 

Өчигдөр Арвайхээр сумаас Орхон аймаг руу буяны ажилд явах гэж байсан 5 иргэнээс нэг нь халдвартай гарсан бол Улаанбаатар хотоос Арвайхээр сумын 11 дүгээр багт буяны ажлаар ирсэн иргэнээс халдвар илэрсний дагуу холбогдох арга хэмжээг аваад байна.

 

Мөн Нутгийн удирдлагын ордонд байрладаг байгууллагаас халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Эдгээр шинэ голомтоос үүдэлтэй халдварын эх үүсвэрийг тогтоох, ойрын болон дам хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамруулах, халдварын хүрээг хумихаар Онцгой комисс, мэргэжлийн ангиуд шуурхай ажиллаж байна. 

Холбоотой мэдээ