Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг уялдуулан хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл цахимаар хуралдлаа.
Энэ үеэр БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг "1 хот-1 агаарын тээвэрлэгч" бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх талаар ярилцав.
Хэдийгээр цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөлд байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтойг хуралд оролцогчид онцолжээ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн нисэх буудлыг хөгжүүлэх, нисэхийн бус орлого олох боломж бүрдүүлэх, салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхжуулах, жуулчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, ДАЖЗ-өөс боловсруулсан "Аюулгүй аяллын удирдамж", "Аюулгүй аяллын шошго" олгох үйл ажиллагаанд хамтрах саналыг ИНҮТ-н Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга У. Өнөрцэцэг танилцуулсан юм.
Цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн, Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар болжээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэл тусгасан билээ.