"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөө хамтын санаачилга-түншлэл" орон даяар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-30 12:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын чуулга уулзалт 5 дугаар сарын 3-7-нд цахим хэлбэрээр орон даяар болох талаар зохион байгуулагчид нь мэдээллээ.


Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн боловсролын талаар хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцана. Мөн бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглалыг боловсруулах юм.

Энэ удаагийн  Үндэсний нэгдсэн арга хэмжээг БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний түшиц байгууллага болох Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Техникийн Зөвлөн зохицуулах багийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөл “ТХБ 2030”-ын тэргүүлэх 5 чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн 6 чиглэлийн хүрээнд зохион байгуулна.


Энэ хөтөлбөрт байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналт эрхэлсэн төрийн захиргааны бүх түвшний байгууллага болон мэргэжил, арга зүйн институт, ЕБС-иудын төлөөллийг хамруулж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавихаар зорьж байна. 



Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахим хэлбэрээр вертуал орчинд зохион байгуулж буй тус нэгдсэн арга хэмжээнд 10 мянга хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах 7 салбар үйл ажиллагааг зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум зэрэг хэлбэрээр зохион байгуулах юм байна. Үүнд:

  • “Тогтвортой хөгжлийн боловсрол ба Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн,
  • “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд),
  • “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг,
  • “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форум (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд,
  • “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал,
  • “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форум,
  • “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль-жижиг төсөл санаачлага” хамтарсан хэлэлцүүлэг болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Шинэцэцэг 88111893,  Оюунтунгалаг 99054031, Тансагмаа 99109723 болон ESD Mongolia-Тогтвортой хөгжлийн боловсрол фэйсбүүк хуудаснаас авах юм. 

Холбоотой мэдээ