Цэцэрлэгт хүрээлэнд аялах автобусыг хотын дарга шийдэж өгөхөө илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-03 13:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцав.


Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хамгийн том асуудал зогсоол байдаг. 40 орчим түргэн үйлчилгээний цэгтэй, 20-ынх нь үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээж, үлдсэнийнх нь үйл ажиллагааг зогсоож байгаа. Мөн энд 31 төрлийн мод, модлог ургамал бий. Усалгаа хүндрэлтэй учир жилд 3000-5000 мод тарьдаг. Барилгын компаниуд хашаагаа цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу тэлсэн тул албан бичиг хүргүүлсэн” гэв.

Түүнчлэн гүйлтийн, дугуйн замаа өргөтгөх боломжтой. Ахмадууд хүрээлэн дотор аялахыг хүсдэг. Иймд хүрээлэн дотор явдаг автобус хэрэгтэйг дуулгахад хотын дарга шийдэж өгөхөө илэрхийлжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өдөрт 12-15 мянган иргэн ирж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, чөлөөт цагаа зөв өнгөрөөх, агаар салхинд гарах боломж бүрдүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв, санхүүжилтийг нэмэхэд анхаарна. Монгол наадам цогцолборт бүртгэлтэй 60 автобусны 20-ыг цэцэрлэгт хүрээлэнд өгнө. Хүүхэд, ахмадууд сууж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах байдлаар зохицуулах санал гаргасныг дэмжиж байна. Нийслэлийг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт хийх чиглэлийг Улаанбаатар хотын ЗАА болон Хот тохижилтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” хэмээжээ. 

Холбоотой мэдээ