Залуус хугацаат цэргийн албанаас Ахлагчийн албанд шилжлээ

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-05-04 11:17:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил цэргийн алба хаахаар ирсэн дайчдыг бэлтгэлээр халах, Байлдааны туганд хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагааны үеэр 6 байлдагч, Ахлагчийн албанд шилжсэн бахархалт үйл явдал болсон байна. 


Өчигдөр болсон ёслолын ажиллагааны үеэр тэдэнд дэд ахлагч цол олгожээ. Тодруулбал, Хугацаат цэргийн албан хаагч У.Билгүүн, Г.Мөнхжаргал, Б.Гантогтох, А.Чойжилсүрэн, Л.Баасандорж, Х.Занданбал нар Зэвсэгт хүчний ахлагчийн албанд улирах хүсэлтээ илэрхийлжээ. Тэд 2020 оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид татагдан, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус юм. Залуус сайн дураараа ийм шийдвэр гаргаснаар хугацаат цэргийн албанаас ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 032, 339 дүгээр ангиудад томилогдож, дэд ахлагч цолоо гардан авлаа.


Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Төв аймгаас татагдан ирж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлээд цэргийн албанд улирсан дэд ахлагч нарын сэтгэгдлийг толилуулж байна.


Дэд ахлагч У.Билгүүн: “Өвөрхангай аймгийн Сант сумаас ирсэн. Хугацаат цэргийн албаа хааж байхдаа өөрийгөө цэргийн амьдралд амархан дасан зохицох чадвартай гэдгээ ойлгосон. Цэргийн алба гэдэг миний амьдралын орчин юм шиг нэг л дотно санагдсан. Энэ талаар аав, ээждээ хэллээ. “Миний хүү өөрөө шийд. Аав, ээж хоёр нь хэзээд хүүгээ дэмжинэ” гээд баяр хүргэсэн. Цэргийн албанд улирч байгаадаа миний бие маш их баяртай байгаа” гэсэн бол, дэд ахлагч Л.Баасандорж өөрийгөө Говь-Алтай аймгийн Жаргалан сумынх гэж танилцуулаад, цэргийн хүн болоход ээж нь ихээхэн нөлөөлсөн гэлээ. Түүний ээж Алтанцэцэг “Эр хүн эх орондоо өөрийгөө бүрэн зориулах чадвартай байх ёстой” гэж зөвлөдөг нь энэ сонголтыг хийхэд нөлөөлжээ.



Харин дэд ахлагч Х.Занданбал Баянхонгор аймгийн Баацагаан сумынх, дэд ахлагч Б.Гантогтох Ховд аймгийн Манхан сумынх юм байна. Тэд цэргийн албанд ирээд нөхөрлөсөн, энэ нөхөрлөл ахлагчийн албанд хамтдаа улирахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Дэд ахлагч А.Чойжилсүрэн аавынхаа замналаар цэргийн хүн болохоор шийджээ. Түүний аав Алтангэрэл өдгөө Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тэргүүн ахлагчаар ажилладаг. Тэр багаасаа цэрэгт элэгтэй өссөн гэж өөрийгөө тодорхойллоо.

Холбоотой мэдээ